Оффшорын тухай хуулийн төслийг буцаав

Хууль зүйн байнгын хороо өчигдөр Засгийн газраас 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцсэн ч хуулийн төслийг сайжруулах шаардлагатай гэж үзэн ажлын хэсэгт буцаасан билээ. Иймд уг хуулийн төслийн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Нямдорж, Б.Дэлгэрсайхан, Д.Ганболд, Т.Аюурсайхан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд гадаад улсад данс эзэмших асуудлыг хэрхэн зохицуулахаар болсон тухай илүүтэй сонирхсон юм. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд гадаад улсад данс эзэмшихийг хориглох нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөнө гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Тэгээд ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлого, дансыг мэдүүлэх зохицуулалттай. Мөн төрийн өндөр албан тушаалтан нь гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа нэр дээр данс нээсэн, хөрөнгө нуусан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуулиар зохих ял шийтгэл хүлээлгэх боломж нээлттэй байгаа гэсэн тайлбар өгөв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нар хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь гадаадад данс нээх бус оффшор бүс гэдгийг тодорхой болгох, төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд, хамаатан садан оффшор бүсэд данстай байж болох эсэх, аж ахуйн нэгжүүд офшор бүсэд данстай байвал ямар нөхцөлд ил тод болгох асуудлыг өмнөх хуралдаанаар ярилцсан ч энэ удаа ахиц дэвшил гараагүй байна. Хуулийн төсөл тодорхой бус хэвээрээ байна гэв. Иймд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг Засгийн газарт буцаах горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ