Өнөөдөр дүрмээ баталвал маргаашнаас намын даргын сунгаа эхэлнэ

Ардчилсан намын VI Их хурал түр завсарласны дараа хаалттай горимоор үргэлжилж байна.
Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчлэлийн төсөлд Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж, шинээр дахин байгуулах нөхцөлд шууд сонгогдох гишүүдэд өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д байсан гишүүд, мөн намын дарга, удирдлагууд багтаахаар заажээ. Үүнд Их хурлын гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь бүрэн эрх нь дуусгавар болсон зарим гишүүд намынхаа нэр хүндийг унагаж, намаа сонгуульд ялагдахад хүргэсэн гэх мэтээр хариуцлага тооцох ёстой гишүүд олон байгаа. Тиймээс тэднийг ҮЗХ-нд шууд сонгох нь шударга бус хэмээн мэдэгдэж байна.
Мөн Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дөнгөж хурал эхлэхийн өмнөхөн тараасан нь танилцах боломжийг олгосонгүй гэх шүүмжлэлийг дагуулжээ.
Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндоржийн танилцуулснаар Их хурлаар намынхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа билээ.
Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд дараах заалтууд тусчээ. Үүнд Ардчилсан нам нь Үндсэн дүрмийн хороотой байна. Түүн дотроо Ёс зүйн хяналтын хороо, Санхүүгийн хороо багтаж ажиллах аж. Тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдана.
Тухайлбал, Ёс зүйн хяналтын хороогоор намын нэр хүндэд халгаатай үйлдэл хийсэн гишүүдийг хэлэлцэн, шийдвэр гаргах юм байна. Харин Санхүүгийн хороог байгуулж байгаа нь өнгөрсөн хугацаанд намын санхүүжилтийн асуудлыг намын дарга нь нуруун дээрээ үүрч, дангаараа шахам шийдэж ирсэн тул тусдаа Санхүүгийн хороотой байх нь зөв гэж үзжээ.
Мөн намын даргыг сонгох сонгууль нь бүх шатанд бүх гишүүдээс санал авч байж, тодрох болж байна.
Намын даргад нэр дэвшигч нь гишүүдийнхээ саналыг авах зорилгоор мөнгөн ба эд хөрөнгийн шинжтэй амлалт өгөх, гишүүдийн саналыг худалдан авахыг хориглоно.
Нэр дэвшигчийн рейтинг тогтоох санал асуулга явуулах, санал асуулгын дүнг олон нийтэд зарлахыг хориглоно гэх мэтчлэн заалт тусгасан байна.
Энэ төслийг Их хурлаар дэмжин баталсан нөхцөлд маргаашнаас эхлээд орон даяар намын даргыг тодруулах сунгаа эхлэх аж. Улмаар ирэх гуравдугаар сард Их хурлыг зарлан хуралдуулж, намын даргаа батлах юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ