П.Цагаан: Энэ удаа үүнээс өөр зөв арга байхгүй

Ардчилсан намын VI их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт өөрчлөлтийг батлахаар товлосон. Намын Үндсэн дүрмийн талаарх хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын гишүүн П.Цагаан үг хэллээ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та Ардчилсан намаа шинэчилсэн шиг шинэчилье гэлээ. Ингэхийн тулд юуг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Ардчилсан нам ард түмний үйл хэргийн төлөө, ард түмний итгэлийг дааж явъя гэвэл одоо л шинэчилсэн шиг шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Ингэхдээ, нэгдүгээрт АН-аа дотоод ардчилал буюу дүрмээ мөрддөг, гишүүд, боловсон хүчнээ сургаж, дадлагажуулдаг болгоё.

Хоёрт, сонгогч олон түмэнтэйгээ амьд харилцаатай байж, намын эгнээ, дэмжигчдээ байнга өргөжүүлдэг байя. Гуравт, намын үйл ажиллагааны ил тод байдал буюу санхүү, татвар, хөрөнгийн орлого зарлага, төлөвлөлт, тайлан, цахимжуулалт гээд багц шинэтгэл хийх шаардлагатай. Хуучин аргаар додомдох буюу хагас дутуу шинэчлэл хийх аваас өнөөгийн намгаас гарч, олон түмний нам болоход хэцүү гэж би хэлээд байгаа юм.

-Та энэ удаагийн хурлаас ямар шийдвэр гараасай гэж хүсч байгаа вэ?

-АН энэ удаагийн хурлаар гурван шийдвэр гаргаасай. Эхнийх нь түүхэн үүргээ гүйцэтгэсэн ҮЗХ-г татан буулгах. Оронд нь бүх сум, аймаг, дүүргийн төлөөллөөс бүрдсэн Их хуралдайтай болох хэрэгтэй.. Их хуралдай жил бүр тогтсон өдөр цагт хуралддаг байх бөгөөд Их хуралдайн хооронд байнга ажиллах энгийн бүтэцтэй Ерөнхий зөвлөл ажилладаг байх зэрэг өөрчлөлтийг тусгасан байгаа. Хамгийн чухал нь намын эв эеийг хагаралдуулдаг, эрч хүчийг бардаг фракцуудыг татан буулгаж байгаагаа энэ Их хурлаасаа зарлах хэрэгтэй. Эрх ашгийн төлөөх фракцууд биш төрөл бүрийн Бодлогын зөвлөл харин байх ёстой. Ер нь намын дүрмийг санал хураалтаар бичиж баталдаггүй юм. Харин 9-11 хүний бүтэцтэй ажлын хэсэг байгуулж дараагийн Их хурлаар батлах шийдвэр гаргаасай гэж хүсч байна.

-Та намын даргыг сунгаагаар сонгох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Таны санал намын дүрэмд орж батлагдах юм шиг байна, тиймүү?

-Ер нь энэ удаагийн шинэчлэлийг АН гишүүдээсээ асуудаг, гишүүдээ сонсдог, гишүүдээрээ шийдүүлдэг зарчмаар, ийм арга замаар хийх учиртай. Энэ удаа үүнээс өөр оновчтой бөгөөд зөв арга байхгүй.

Н.Алтан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ