Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн зарим асуудлууд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээ авна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажиллахдаасумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн.
Үүнтэй холбогдуулан Гурвантэс суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах, сумын төвийн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан станц барих ажлыг ирэх оноос эхлүүлэх, сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн зориулалтын автомашин хуваарилж олгохыг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн ”Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн 45.3 км төмөр замын ажлыг “Монголын Алт” компани болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлыг эхлүүлэх, улсын тусгай хамгаалалттай Тост, Тосонбумбын нурууны нутгийн хилийн заагийг тогтоохыг салбарын сайд нарт даалгав.
70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв
Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв. Долоо хүртэлх жилийн хугацаатай, 3.89 хувийн хүүтэй энэ зээлийг өрийн үйлчилгээний зардлыг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгахад зарцуулахаар Засгийн газраас төлөвлөж байна.
Товч мэдээ
-“Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станц төсөл”-ийн концессын шууд гэрээний хэлэлцээг сонирхсон хуулийн этгээдтэй үргэлжлүүлж, төслийг эрчимжүүлэхийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр дэмжлээ.Өмнө нь буюу 2014 онд хуулийн этгээд шалгараагүй тул уралдаант шалгаруулалт хүчингүй болж байжээ.
-Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Зөвлөл нь хөдөө аж аж ахуйн биржийн үйл ажиллагааг дэмжих, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгч, зөвлөмж, дүгнэлт гаргах, биржийн арилжааны зах зээлд оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих, хооронд нь уялдуулах үүрэгтэй юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гамшгаас хамгаалах тухай, Онцгой байдлын албаны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд холбогдох саналуудыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ