З.Энхболд: АН-ын даргад өрсөлдөх хүмүүст шалгуур тавихгүй

АН-ын VI Их хурал хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Энэхүү хурлаараа намаа шинэчлэх ажлыг эхлүүлсэн гэж буй. Тодруулбал, шинэчлэлийн хөтөлбөрт Ардчилсан нам цаашид хэрхэн шинэтгэлээ хийх вэ гэдэг талаар үндсэн долоон зарчмыг тусгасан юм. Энэ талаараа өнөөдөр АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дүрмийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулах байсан. Гуравдугаар бүлэгт гишүүнчлэлийн бүртгэл анхан шатны үүрүүд дээр хийгддэг байсан бол одоо Төв намын ажил болж байгаа. Гишүүд анхан шатны үүрүүд дээр очиж цахимаар бүртгүүлээд, төв намаас батлахаа авна. 180 мянган гишүүнээ шинэчлэн цахимаар бүртгэх журам батлагдсан. Гишүүний бүртгэлийг яагаад чухалчилж байгаа гэхээр улс төрийн намуудаас анх удаа АН намынхаа удирдлагуудыг нийт гишүүдээсээ сонгож байгаа. Нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль явагдана" гэв. Үргэлжлүүлэн"АН-ын даргад өрсөлдөх хүсэлтээ хүмүүсийг нөгөөдрөөс бүртгэж авна. Энэсарын 19-нөөс сурталчилгаагаа эхлүүлнэ. Марафонд оролцох хүмүүст ямар нэгэн шалгуур тавихгүй болсон учраас АН-ын бүх гишүүнд нээлттэй. Шинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжилна" гэв.

АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ажлын хэсэг, ҮЗХ-гоор хэлэлцсэн дүрмийн төсөл Их хуралд орж ирэхдээ өөрчлөгдсөн байна гэсэн шүүмжлэл гарсан. Яагаад ингэж өөрчлөгдсөн юм бол?

-Яагаад өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Янз бүрийн л шалтгаан байсан байх. Ер нь ийм их хэмжээний өөрчлөлтийг хоёрхон өдрийн дотор хийх боломжгүй гэдэгт бүгд санал нэгдсэн. Тиймээс дараагийнхаа Их хуралд оролцох төлөөлөгчдийнхөө тоог нэмж сум, хороо тусбүрээс хоёр хүнийг оролцуулахаар шийдсэн.

-Намын даргад хичнээн хүн өрсөлдөх вэ. Тооны хязгаар тавьсан уу?

-Тооны хязгаар тавиагүй. Мөн марафоныг хоёр шаттай зохион байгуулахаар төлөвлөж байсныг больж ганцхан шаттай болгохоор болсон.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа. Намын Их хурал үүнд ач холбогдол өгсөн үү?

-Энэ бол Ерөнхий сайд байсан үетэй холбогдуулан шалгаж байгаа асуудал. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бол асуудлыг хурдан шалгадаг болох байлаа. Энэ хуулиудыг хойшлуулснаас болоод иймэрхүү асуудлууд их гарч байна. Н.Алтанхуягийн хувьд хоёр жил үргэлжилж байгаа гэсэн үг. Ингэж удаж байгаа нь ямарч баримт нотолгоогүй асуудал болохыг нь илтгэж байгаа юм.

-АН шинээр гишүүн элсүүлэх үү. Нэр дэвшигчид шинээр гишүүн элсүүлээд өөртөө санал өгүүлэх асуудал гарах вий гэдэг болгоомжлол байгаа?

-Шинээр элсүүлэхийг зөвшөөрөхөөр ярьсан. Яагаад гэвэл шинэчлэгдэж байгаа АН-д элсэж, намын даргыг сонгоход оролцоё гэдэг эрмэлзэл байгаа болохоор. Төрийн сонгууль ямар стандартаад явдаг вэ яг тиймээр намын даргын сонгуулийг явуулна. Ганцхан ялгаа байгаа нь саналыг хар машинаар биш гараар тоолно. Тооллогоо ажиглагч нарын дунд, ил тодоор чанга дуугаар уншиж тоолно.

-Намын даргын сонгуулиасаа өмнө гишүүдээ шинэчлэн бүртгэхээр сонгуульд оролцож байгаа хүмүүс зохион байгуулалттайгаар гишүүн элсүүлэх юм биш үү?

-Ийм шүүмжлэл гарсан. Гэхдээ АН-ын шинэчлэлд оролцох хүсэлтэй хүн олон байгаа учраас ингэж шийдсэн юм.

-Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн заалт дүрэмд байгаа юу?

-Тэрийг оруулсан байсан. Хасъя гэдэг санал нэг их гараагүйг бодоход тэр хэвээр нь баталсан байх. Ер нь цагаан сарын өмнө бид даргатай болно. Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс намын даргад өрсөлдөөгүй хүмүүс дундаас гарах болов уу гэж бодож байгаа.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ