АН-ын жирийн гишүүд хайрцганд хийсэн хүүхэлдэй биш гэдгээ харуулж чадлаа

Өнгөрсөн хоёр өдөр нийгэм бүхлээрээ АН-ын VI их хурлаар амьсгалав. Хэвлэлүүд ч өөр өөрийн өнцгөөс дүгнэлт хийж, шинжив. Гэвч олон хүн АН гишүүн төвтэй, гишүүдээсээ асуудаг, тэднийхээ үгийг сонсдог, гишүүдээрээ шийдүүлдэг нам болоход алхамойртлоо хэмээн дүгнэж байна. Үүний тод жишээ бол АН Үндсэн дүрмийн төслөө намын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болсон явдал. Түүнчлэн намын даргаа ч намын гишүүд нь сонгодог байх зарчмыг хүлээн зөвшөөрлөө.Энэ бол ахиц дэвшил төдийгүй намын шинэчлэлийн эхлэл гэж хэлж болно. Эхлэл гэдэг хийх ажлын тал хувь гэдэг. Тэгэхээр АН-ын шинэчлэл талдаа орсон гэсэн үг. Өмнө нь удирдлагууд юу гэнэв түүний аясаар хөдөлдөг байсан бол өчигдөр тэд даргын аясыг дагаж хайрцаглагдсангүй. Харин ч хэлэх үгээ зоригтойгоор илэрхийлэв. Намаа шинэчилсэн шиг шинэчилье, дарга нарын бус гишүүн төвтэй нам болъё гэсэн санаагаа ч ойлгуулж чадлаа. Үүгээрээ АН-ыг 10-20-хон хүнээр төсөөлж тэдний хүсэл зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө явдаг байдлыг таслан зогсоож буйгаа энэ удаагийн Их хурлын 1210 төлөөлөгчид харуулж чадсан нь амжилт байлаа.

Түүнчлэн П.Цагааны намын Үндсэн дүрмийн төсөлд оруулсан түүхэн үүргээ гүйцэтгэсэн ҮЗХ-г татан буулгаж, сум, аймгийн баг, дүүрэг бүрээс сонгогдсон гишүүдээс бүрдэх Их хуралдайтай болох, намын даргыг сунгаагаар тодруулах, намын бүтэц үйл ажиллагааг энгийн ойлгомжтой болгох санал нь гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадсан юм.

Мөн гишүүдээ цахимаар бүртгэж, сум, багт ажиллаж амьдардаг АН-ын гишүүдийн санаа бодол намын бодлогод тусгагддаг, цаашдаа Ардчилсан намаа ил тод нээлттэй, өрсөлдөх чадвартай болгохын төлөө сэтгэл шулуудсан нь энэ Их хурлын үр дүн байсан гэж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ