ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчлав

Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоор ахлуулсан бүрэлдэхүүний хамтаар 12 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчлал хийлээ.

Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев, болон ОХУ-ын Хууль зүйн сайд Александр Владимирович Коноваловтой нартай уулзав.

ОХУ-ын дотоод хэргийн сайдтай хийсэн уулзалтаар хууль зүй, дотоод хэргийн сайд өнгөрөгч намар Улаанбаатар хотноо болсон хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан Ажлын хэсгийн хуралдаанд ОХУ-ын талаас өндөр түвшний төлөөлөгч оролцуулсанд талархал илэрхийлж, мөн ОХУ-ын Дотоод хэргийн яам Монгол Улсын дотоод хэргийн салбарын албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэх боломж олгож, өөрийн харьяа сургуулиудад бакалавр, магистр, адъюнктурт суралцуулж байгаа явдалд талархсанаа хэллээ.Сайд С.Бямбацогт ОХУ-д суралцаж төгссөн олон албан хаагч хууль сахиулах салбартамжилттай ажиллаж буйг онцлон тэмдэглэсний хамт Монгол Улсын Хууль сахиулах их сургууль ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа их дээд сургуулиудтай хамтран ажиллах сонирхолтой байгааг тодотгоод энэ хүрээнд зочин багш солилцох, хамтарсан магистрын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх санал тавьсан юм. ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев тус яамны эрхлэх асуудлын хүрээнд ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны алба хамаардаг болсныг дуулгаад Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны алба хооронд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болон тэдгээрийн түүхийн эдийн хууль бус эргэлттэй тэмцэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцов. Сайд нарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг хоёр тал онцлон тэмдэглэж, уулзалтын төгсгөлд Монгол Улсын ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев нар ирэх 3 жилд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Хууль зүйн сайд Монгол Улсын ХЗДХЯ-ны айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч хийсэн уулзалтандаа энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буйг онцлоод Монгол Улсын ХЗДХЯ болон ОХУ-ын Хууль зүйн яамны уламжлалт хамтын ажиллагааг цаашид баяжуулан өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа ХЗДХЯ эдийн засаг, бизнес, өмчийн харилцааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэв. Александр Владимирович Коновалов ОХУ-ын Хууль зүйн сайдын эрхлэх асуудалд Холбооны хорих ял эдлүүлэх байгууллага, Холбооны шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний төв, Эрх зүйн мэдээллийн эрдэм шинжилгээний төв зэрэг байгууллага ажилладаг болохыг танилцууллаа. Талууд Монгол Улс, ОХУ-ын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажилладаг болохыг онцлоод тус хэлэлцээрийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах тал дээр санал нэгдэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2017-2018 онд хамтран ажиллах хөтөлбөрт сайд нар гарын үсэг зурлаа.

Айлчлалын 2 дахь өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Дотоод хэргийн сайд, цагдаагийн дэслэгч генерал Артем Валерьевич Хохорин айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, талууд хууль сахиулах салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, арга туршлагаасаа харилцан хуваалцлаа. Ажлын айлчлалын төгсгөлд төлөөлөгчид ОХУ-ын ДХЯ-ны Казаны Хуулийн дээд сургуульд айлчлан, үйл ажиллагаатай нь танилцсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ