Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилох асуудал шийдэгдээгүй байна

Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын томилгоог хийхдээ тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж хийх ёстой байдаг. Одоогоор нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилоогүй байгаа юм.

Баянзүрх дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй байх ёстой ч одоогоор 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлжээ. Зургаан төлөөлөгчийг Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэн дүүргийн Сонгуулийн хорооноос жагсаалтаас хассан аж. Энэ шийдвэр шүүхийн шатанд эцэслэн шийдэгдээгүй явж байгаа юм байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт эцэслэж шийдвэрлэгдээгүй байгаа гэнэ.

Ийм нөхцөл байдал үүссэн учраас нийслэлийн Засаг даргын зүгээс тус дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй байдал үүсчээ. Энд ямар нэгэн улстөржсөн асуудал байхгүй гэдгийг нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлсэн юм. Ардчилсан нам олонхи болсон Сүхбаатар, Баянгол дүүргийн ИТХ-аас хуулийн хүрээнд асуудлаа ирүүлсэн тул Засаг дарга нарыг батламжилсан байна.

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдийн зүгээс энэ сарын 13-ны өдөр шүүхээс эцэслэн шийдвэр гарсан мэтээр хэвлэлийн хурал хийсэн нь ташаа мэдээлэл байсан гэдгийг Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлан хэлж байгаа юм. Түүнчлэн тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа дараагийн шинэ Засаг дарга томилогдтол ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байгаа юм байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ