П.Цагаан АН-ын даргад өрсөлдөхгүй

АН-ын гишүүн П.Цагаан АН-ын даргын сунгаанд оролцохгүй гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. “гишүүдээсээ асуу, гишүүдээ сонс, бүх гишүүдээрээ шийдүүлье гэсэн санаачлагыг анх гаргаж, АН-ын даргыг бүх гишүүдээс сунгаагаар явуулах шинэчлэлд хувь нэмрээ оруулсан хүн бол П.Цагаан. Тэгвэл энэ эрхэм өөрөө нэр дэвшихгүй болсон нь харамсалтай юм.
Ингээд түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
“Сайн байна уу? Би АН-ын гишүүний хувьд, намаа шинэчлэгчийн хувьд 7000км аялж, 1300 гаруй гишүүнтэй биечлэн уулзсаны хувьд, намаа шинэчилсэн шиг шинэчлэх иж бүрэн төсөл санаачлан боловсруулсны хувьд АН-ын VI их хурлын дараа арга буюу Та бүхэнд хандаж байна.
Цаг, цаас хэмнэх үүднээс гуравхан зүйлийг хэлье.
1/АН-ыг шинэчилсэн түүхэн шийдвэр гаргана гэж гишүүд, дэмжигчид хүсэн хүлээж байсан VI их хурал ямар үр дүнд хүрсэн бэ? Намаа 2 сонгуульд дараалан ялагдуулсан хуучин удирдлага, намын бүтэц бүрэлдэхүүн яг хэвээрээ үлдсэнийг шинэчлэл гэх үү? ҮЗХ татан буугдахын оронд бүр бүдүүрч, томорсныг шинэчлэл гэх үү? Үндсэн дүрэм ч үндсэндээ хуучнаараа үлдэж, өнөө хэдэн фракцууд ч хэвээрээ үлдлээ. Үүнийг шинэчлэл гэх үү?
Ялагдсаныхаа шалтгааныг оношилсонгүй. Оношгүй бол намаа яаж эмчлэх вэ дээ. Ийм үр дүнгүй Их хурал болоход АН-ын эгэл жирийн гишүүд ямар ч буруугүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Харин гишүүдээ талцуулж, намаа тамирдуулж, хор хутгаж, нүхээ малтсан хэдэн фракцын дарга нарын түмэн буруу гэж үзэж байна.
2/Манай дарга нарт ёс зүй, зарчим гэж байна уу? Намын удирдлагаас намаа ялагдуулсан буруугаа хүлээсэн хүн байна уу? Байхгүй. Уучлал гуйсан хүн байна уу? Сураггүй. Ер нь ялагдсан багийн удирдлага уучлал гуйгаад бүтнээрээ солигддог нь бизнес, спорт, улс төрд байдаг эрүүл үзэгдэл, зарчим, хэм хэмжээ. Миний бие намын гишүүдийн санал, хүсэлт, олон талын судалгаанд суурилж АН-ыг шинэчлэх зарчмын олон санал санаачлага гаргасан. Намын дүрэм шинэчлэх ажлын хэсэгт ч орсон. Харин шинэчилсэн дүр эсгэгчид ойлгосон хэмжээгээрээ, аль эсвэл таалагдсан саналыг шүүрэн авч нүглийн нүдийг гурилаар хуурлаа.
Ажил нь гацдаггүй, байнгын ажиллагаатай, байнга шинэчлэгдэж байдаг, хариуцлагатай, ил тод, гишүүдтэйгээ ойр дөт АН-тай болох гишүүдийн захиалгыг замхрууллаа. Дүрмийн шинэчлэлийг каш, зутан, жонхуу болгоод нэг тавганд хийчихлээ. Намын гишүүд нь намын даргаа сонгох ардчилсан санаачилгыг маань ч холион бантан болголоо. Намын гишүүн таны намын даргаа сонгох эрхийг хасчихсан. Зөвхөн татвар төлсөн гишүүн л сонгох эрхтэй. Ийм нөхцөлд татвар хураамж төлсөн, төлөөгүй, сонгуульд санал өгөх эрхтэй, эрхгүй гэж хэдэн фракц дураараа дургиж л таарна.
3/Хот, орон нутагт, хаана ч намын гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь татвараа төлдөгийг бид мэднэ. Татвараа төлсөн хэсэг ч намын нийт гишүүдийг бүрэн төлөөлж чадахгүй. Намын гишүүдийнхээ дийлэнх олонхийн саналыг орхигдуулчихсан, намын даргаа сонгох гишүүдийн эрх, эрх чөлөө бүрэн хэрэгжээгүй ийм намын даргын сунгаа бол ёс зүйгүй явдал гэж бодож байна.
Ийм учраас миний бие намын даргын сунгаанд оролцохоос татгалзаж байна. Жинхэнэ ёсоор АН-аа шинэчлэх итгэл үнэмшилдээ үнэнч үлдэхийг хүсч байна. Намайг дэмждэг, намаа шинэчилсэн шиг шинэчлэхийг эрмэлздэг намын гишүүд, дэмжигчдээсээ хүлцэл өчиж байна.
Миний бие эрүүл саруул, зөв замаар АН-аа, нийгмээ шинэчлэхийн төлөөх үйл хэргээс ухрахгүй. Анхаарал тавьсанд баярлалаа."
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ