АН-ын бүлэг дахин завсарлага хүслээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөгжлийн банкны талаар арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг өглөө хэлэлцэх байсан ч шалгалтын талаарх материалыг АН-ын бүлгийнхэнд өгөх хэрэгтэй гэснээр үдээс хойш хүртэл завсарлага аваад байсан юм.

Гэвч үдээс хойшхи хуралдаанаар АН-ын гишүүдийн зүгээс дахин завсарлага авахыг хүслээ. Харин он дуусахаас өмнө дээрх тогтоолын төслийг баталж Хөгжлийн банкийг хүндрэлээс гаргах шаардлагатай байгаа учраас олонхийн бүлгийн гишүүд завсарлага өгөхийг эсэргүүцсэн юм. Тэгвэл АН бүлгийн саналыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүлээн авч тав хоногийн завсарлага өгөв. Ингэхдээ тэрээр хэлсэн үгэндээ "Энэ тогтоолыг баталж Хөгжлийн банкийг сэхээнээс гаргах шаардлагатай байна. Гэхдээ АН-ын бүлэгт хүссэн тав хоногийн завсарлагыг нь өгье. Та бүхэн маргааш хэлэлцээд аль болохоор засварлагынхаа хугацааг наашлуулаарай. Эрх баригчид цөөнх байж үзээгүй биш. Завсарлага өгөхийг эсэргүүцэх хэрэггүй. Харин олонхийн бүлэгт нэг арга байна. Юу гэхээр хуульд өөрчлөлт оруулж завсарлага авдаг байдлыг болиулах” гэсэн юм.

Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ