Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хөгжлийн банкны асуудлыг хаалттайгаар шуурхай хэлэлцэх хэрэгтэй гэсэн бол гишүүн Я.Санжмятав Олонхи хүч түрж, цөөнхийг үг хэлүүлэхгүй тайлбар тавьж, сөрж байгааг онцолсон. Харин нийгэм, эдийн засгийн чухал асуудлаа хэлэлцье гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлж, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хөгжлийн банкны асуудлаар цөөнхтэй зөвшилцсөн. Хаалттай хэлэлцэхээр болсон” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын гишүүн Хөгжлийн банкны асуудлаар 5 хоногийн завсарлага авсан. Монгол банкны Ерөнхийлөгч нь банкуудаа муулсаар байгаад зэрэглэлийг нь бууруулсан. Хөгжлийн банкны шалгалтын асуудал тусдаа зүйл. Бид тав хоногийн хугацаатай завсарлага авахдаа олон нийтийн анхааралд оруулж, зөрчил байхгүй юм гэдгийг мэдэгдэхийг хүссэн. Хөгжлийн банкны асуудлаар авсан завсарлагаа дуусгаж байна" хэмээлээ.

Ингээд Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэхээр болов. Уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх санал хураалт явагдсан боловч дэмжлэг аваагүй юм. Тиймээс Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмнөх парламентын үед МАН, МАХН, АН төр барьсан. Тэр дундаа МАН, АН сангийн асуудлаа барьсан. Хөгжлийн банкны нөхцөл байдлыг хараад би гайхаад байна. Монголд зургаахан банк бий. Ам.долларын нийлүүлэлт хийгээд байхад яагаад ханш буурахгүй байгаа юм бэ? Тэр ам.долларууд хаана байна вэ? Ам.доллараа худалдаж аваад гадагш гаргачихсан юм уу? Хоёрдугаарт, өр төлбөрүүдээ арванхоёрдугаар сарын 31-нээр хааж байгаа юм бол өр төлбөрүүдийг нь хэн төлөх юм бэ? Өр барагдуулах нэгж гэж зохион байгуулалттай ажлын хэсэг байгуулах юм уу? Цаашид өр төлбөрүүд төлөгдөх юм уу, үгүй юу? Хөгжлийн банкин дээр ард түмний нэрийн бариад хууль зөрчсөн зүйл байгаа бол өмнөх Сангийн сайд нар хариуцлага үүрэх ёстой. Миний сонссоноор зээлийн 60 хувийг МАН авсан гэж байсан. Энэ зээлийг үнэхээр ардын намынхан авсан юм биш үү? Сонгуулийн сурталчилгааны үед хоёр намынхан онгоцоор нисэж сурталчилгаа хийж байсан. Энэ их мөнгө хаанаас гарсан юм бэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

Ам.долларын ханш яагаад буурахгүй байна вэ гэвэл өнгөрсөн жил тавьсан их өрийн дарамтад ороод байна. Өрийн асуудлаас болж төлбөрийн тэнцэл дарамттай байна. Тиймээс ам.долларын ханш буурч өгөхгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд долоон их наяд 954 тэрбум төгрөгийн мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн байдаг. Үүнээс шалтгаалж ам.долларын хомсдол үүсээд байгаа юм. Өр төлбөрийн гүйцээж барагдуулах тал дээр хатуу арга хэмжээ авна. Ямар ч зээл ор тас алга болно гэж байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

Хөгжлийн банкны асуудлыг анхаарах хэрэгтэй. Гэхдээ Монгол Улс мөнгөний бодлогоо хэрхэн явуулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Бодит байдал дээр иргэдийг хамгийн их хохироож, өмч хөрөнгийг нь хурааж авч байгаа нөхцөл байдлаас ард түмнээ яаж аврах вэ? Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдлыг бид мэдэж байгаа. Цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ? Бусад арилжааны банктай адил байдлаар битгий яваасай. Бидний өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлын үр дүн хэзээнээс харагдаж эхлэх вэ?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр:

Банкнаас гарч байгаа нэг төгрөг зургаа дахин үржигдэж байхаар төсөл арга хэмжээгээ явуулна. Бид ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтаа гаргаж байна. Энэ төслүүд эдийн засгийн үр ашигтай, эргэн төлөгдөх нөхцөл өндөр байх юм бол санхүүжилт олгох гэрээ хэлэлцээрээ баталгаажуулаад явахаар ажиллаж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ