Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулж энэ оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг сонсов.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 1991 онд анх батлагдаж, 1995, 1997, 2002 онуудад нэмэлт өөрчлөлт, 2003 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Үүнээс хойш Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд 2008 онд нэмэлт, өөрчлөлт орж хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шилжүүлсэн. Уг нэмэлт, өөрчлөлтөөр төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байсан чиг үүргийг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж байхаар шинээр тусгаж, чиг үүргийг шууд шилжүүлсэн нь хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхойгүй, хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулах, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг зогсоох зэрэг асуудлыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага нь эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалт байна.

Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг шалгалт явуулахаар байгаа нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бие даан хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах эрх нь хязгаарлагдмал байна. Иймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах, гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа үр дүнг Засгийн газар, олон нийтийн өмнө хариуцдаг байхаар өөрчлөх шаардлагатай байгаа зэргийг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч гишүүн Т.Аюурсайхан дурдав.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг, 54 зүйлтэй. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын чиг үүргийг тодорхой зааж, төрийн бус байгууллагын дэргэд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болгож, байнгын ажиллагаа бүхий арбитр ажиллуулах, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зохицуулалтыг тусгасан.

Хуулийн төсөлд хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байхаар тусгасан. Мөн зах зээлийн харилцаанд шинээр үүсэн гарч буй харилцааг зохицуулах шаардлагаар урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалтыг суулгаж өгсөн.

Хууль санаачлагчийн зүгээс Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт хүргүүлж, ирүүлсэн саналуудтай нь бүрэн танилцаад үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг дахин өөрчлөн найруулсан гэдгийг тодотголоо.

Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан. Тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Мөнхбаатар, Ж.Ганбаатар, Н.Учрал, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат, М.Билэгт нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ш.Раднаасэд, Ж.Ганбаатар, Ц.Цогзолмаа, С.Жавхлан, Д.Ганболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд энэ хуулийн төсөл улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед цаг үеэ олоогүй төсөл болсон, нөгөө талаар бизнес эрхлэгчдэд халтай, хяналт шалгалт давхардах зэрэг сөрөг тал гарч мэдэхээр байгааг анхаарах, хэрэв төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хэлэлцүүлгийн дараагийн шатанд нухацтай хандах шаардлагатайг хэлж байлаа. Мөн зарим гишүүн төслийг дэмжих боломжгүй тул дахин боловсруулж өргөн барих шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 34 нь буюу 77.3 хувь нь дэмжсэнгүй. Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанд тооцсоноор өчигдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ