Хууль зүй, дотоод хэргийн сайд асуулгад хариулт өгөв

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас “Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан эсэх талаархи гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

УИХ-аас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажпыг хангах үүднээс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгосон. Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон гэдгийг сайд танилцуулгадаа дурдав.

Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг тооцоо судалгаанд үндэслэж тодорхой үе шат, аргачлалын дагуу боловсруулах шаардлага тавигдсаны дагуу Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Хууль тогтоомжийн төсөл боловсруулах; Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах; Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх; Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх; Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх; Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зэрэг 6 стандарт аргачлалыг баталсан. Мөн 3асгийн газрын тогтоолоор баталсан дээрх аргачлалуудын гарын авлагыг Хууль зүй, дотоод хэргийн яам Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран гаргаж тараасан. Түүнчлэн уг хуульд заасны дагуу Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Хууль тогтоомжийн сан бүрдүүлж, системчлэн ангилах журам”, “Хууль тогтоомжийн хувийн хэрэг бүрдүүлэх журам” баталсан.

Хуульд заасан аргачлалуудын талаар сургалт хийх 25 сургагч багш нарыг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран бэлтгэсний зэрэгцээ аргачлалуудыг хэрхэн хэрэглэх талаар дадлага олгох сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын харьяа эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын ажилтнууд, бүх яамдын хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх чиг үүрэг бүхий албан хаагчдыг хамруулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Мөн Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, ажлаа тайлагнадаг байгууллагуудын 40 гаруй албан хаагчдыг сургалтад хамруулсан талаар баримт дурдаж танилцуулав. Цаашид ч холбогдох байгууллагуудын хүсэлтийн дагуу сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах, тухайлбал одоогоор Боловсрол, соёл, шинжпэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудаас хүсэлт ирсний дагуу сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгааг хэллээ.

Харин хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд хэлэхдээ, Хууль тогтоомжийн тухай хуульд зарим чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлээд байгаа. Тухайлбал, хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлалуудын дагуу үнэлгээ хийх шаардлагагүй хууль тогтоомжийн төслийн хүрээг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр үзэл баримтлалын төсөл боловсруулна.” гэж заасан. Гэтэл дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасан Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалын дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсний үндсэн дээр хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай талаарх гаргасан дүгнэлт, зөвлөмж нь тухайн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөл боловсруулах үндэслэл болох талаар хуульд нэмж тусгах нь чухал гэж үзэж байгаа. Түүнчлэн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 49, 50 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх асуудал нь хуулийн 51 дүгээр зүйлд заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх асуудалтай агуулгын хувьд давхардаж байгаа тул холбогдох өөрчлөлт оруулах; хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш тодорхой хугацааны дараа, эсхүл зайлшгуй шаардлагатай үед хийх зохицуулалтыг тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Гишүүний асуулгын хариуг өгсөн салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Б.Пүрэвдорж, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва нар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Эцэст нь асуулга тавьсан гишүүн Х.Нямбаатар үг хэлсэн. Тэрбээр хууль тогтоомжийн төсөл санаачлах, боловсруулах үндэслэлийг тодорхой болгох, төслийг өргөн мэдүүлэх эрх зүйн орчныг энэ хуулиар зохицуулж өгсөн нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлан боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан, түүнчлэн төслийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах, зардлын тооцоо хийх, хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хэрэгжилтийн үр дүнг үнэлж тооцох гээд олон үе шаттай, тэр бүх үе шатанд үнэлгээ, судалгаа, тооцоо хийхээр зохицуулсан нь зардал мөнгө багагүй шаардагдахаар байгааг анхаарч засах шаардлагатай гэж үзэж байгаа. Иймээс нэр бүхий гишүүд Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах зохицуулалтыг тусгасан хуулийн төсөл өргөн барихаар болсныг хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ