Л.Эрхэмбаяр: АН-ын даргын сонгууль хатуу дүрэм журамтай явагдаж байна

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ардчилсан нам байгуулагдахад таван нам нэгдсэн гэдэг. Эдгээр намын гишүүдийг шинэчилсэн бүртгэлдээ хамруулах уу?

-Анх АН байгуулагдахад таван нам нэгдсэн. Энэ үед АН-ын батлах аваагүй гишүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар болсон. Мөн АН-д анх удаа элсэн орж буй гишүүдийг энэ өдрүүдэд бүртгэж байна.

-Бүртгэл хэзээнээс эхэлж явагдаж байна вэ?

-АН-ын VI хурлаас намын шинэчилсэн бүртгэлийг явуулж, намын даргыг сонгуулийн журмаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу намын шинэчилсэн бүртгэл энэ сарын 12-ноос орон даяар эхлээд байна. АН-ын гишүүдийн шинэчилсэн, нэгдсэн бүртгэлийг намын анхан шатны байгууллагууд зохион байгуулж байна. Гишүүд бүртгүүлэхдээ намын гишүүний жилийн татвар болох 1200 төгрөгийг тушаасан байх шаардлагатай. Ингэж шинэчлэн бүртгүүлснээр цахим санд орохоос гадна намын даргын сонгуульд оролцож, санал өгөх эрх нь нээгдэх юм. Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

-АН-д шинээр элссэн хүн шууд саналын эрхтэй гишүүн болно гэхээр намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс зохион байгуулалттайгаар олон хүнийг гишүүнээр элсүүлж өөртөө санал өгүүлэх юм биш үү. Үүнийг яаж хянах вэ?

-Намд зохиомол гишүүд үүсэх вий гэдгийг ярилцсан. Гэхдээ АН шинэчлэгдэхдээ нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс АН-д элсэх сонирхолтой бүх хүнд нээлттэй байх нь зүйтэй гэж үзсэн. Намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.

-Тэгэхээр үүнийг хянах ямар нэгэн зохицуулалт байхгүй гэсэн үг үү?

-Аливаа зүйлийг дүрэм журмаар хаагаад ирэхээр болохоо байдаг шүү дээ. Нэг нэр дэвшигч олон хүнийг гишүүнээр элсүүлэх ажил хийхийг үгүйсгэхгүй. Ингэлээ гээд түүнийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл бусдад нь ч гэсэн ингэж ажиллах боломж нээлттэй. Хүмүүс “МАН-ын гишүүд орж ирээд намын даргыг чинь тодруулчих юм биш үү” гэж ярьж байгаа. Тийм зүйл болохгүй байлгүй дээ. Ингэж явах завтай хүн ч гэж юу байхав. Эрх барьж байгаа улс төрийн хүчин ч ийм зүйл хийхгүй байлгүй дээ.

-АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны ажил хэр явж байна?

-АН-ын даргад нэр дэвшигчид орон нутгаар тойрч гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байна.Аль нэг нэр дэвшигч сонгуулийн штаб байгуулж болохгүй. 00:00 цагаас хойш намын даргад нэр дэвшигчид хэн нэгэнтэй уулзаж болохгүй гэх мэтчилэн хатуу дүрэм журамтайгаар сурталчилгаагаа хийж байгаа. АН-ын даргыг сонгох нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор Хэнтий аймгаас эхэлсэн бөгөөд эдүгээ тав дахь аймагтаа үргэлжилж байна.

Дашрамд дурьдахад, намын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж, 40 хоног үргэлжлэх бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусч, санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ