Хууль зөрчсөн хүнийг албан тушаалд томилох гэж байгааг эсэргүүцэж байна гэв

Сумын Засаг дарга нар томилогдохоор дуншиж байх зуур Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар томилогдох нь тодорхой болсон Л.Алтангэрэлийг тус сумаас Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон АН-ын гишүүд хүчтэй эсэргүүцэж байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сум орон нутгаа өөд нь татахаар дорвитой ажиллаагүй төдийгүй орон нутгийн эзэмшлийн газрыг гадаадын иргэдэд зарж дамалсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Ногоон Ази гэх нэртэй БНСУ-ын байгууллагад мод тарих нэрийн дор сумын 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргасан нь түүнийг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн заалт зөрчсөн гэж үзэж, АТГ болон Захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэл болно гэж нутгийн иргэд үзэж байна. Газрын тухай хуулинд Монгол улсын газрыг зөвхөн хоёр нөхцөлд буюу Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлнэ гэсэн заалтыг зөрчин, гадаадын иргэнд удаан хугацаагаар эзэмшүүлэх болсон нь иргэдийг ийнхүү бухимдуулахад хүргэжээ. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж заасан байдаг болохоос биш эзэмшүүлнэ гэсэн заалт байдаггүй тул албан тушаалаа ашиглан дур мэдэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.Алтангэрэл нь 2012-2016 онд тус сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хууль зөрчсөн нэлээд үйлдэл гаргасан аж.
1. Гадаадын иргэнд 50 га газрыг Монгол Улсын Газрын тухай хуулиар ашиглуулах заалттай байтал хууль зөрчин 15 жилээр гэрээ байгуулан эзэмшүүлсэн.
2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Өгийнуурыг тойруулж хашиж хамгаалах аялагч амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ажлыг “БИБОР” ХХК 49,500,000 төгрөгөөр 2015 оны 05 сарын 18-наас 08 сарын 28-ны хооронд хийж дуусгахаар гэрээ байгуулсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажил хийгдээгүй байхад 3 удаагийн санхүүжилтээр нийт 32,000,000 төгрөгийг олгосон.
3. Хонь ямааны цэцэг өвчний эсрэг 6000 тун вакцин ирснийг өөрийн ах дүүс, дотны найз нөхдийнхээ малд хийлгэж, өвчний голомтод байгаа өвчлөөгүй айлуудын малд хийлгэлгүй өвчнийг улам тархаан газар авахуулсан.
4. Өөрийн эхнэр Б.Бадамхандыг Соёлын төвийн эрхлэгчээр, эхнэр Б.Бадамхандын дүү Б.Батмагнайг ЗДТГ-ын даргаар томилж, Б.Батмагнайгийн эхнэр н.Мөнхцэцэгийг ЗДТГ-ын санхүү тасгийн даргаар мөн томилж, оронд нь ажиллаж байсан төрийн албан хаагчийг тушаал бууруулж төрийн албыг төрлийн алба болгосныг тус сумын ард иргэд эсэргүүцэж аймаг орон нутгийн дээд удирдлагуудад удаа дараа мэдэгдсэн байна.
Харин сумын ИТХ-аас 2016-2020 оныг хүртэл Л.Алтангэрэлийг дахин Засаг даргаар томилуулахаар аймгийн засаг даргад уламжилжээ.

Цаашид дээрхи хууль зөрчсөн үйлдлийг арилгаж, хуульд нийцсэн арга хэмжээ авахгүй бол тус сумын ард иргэд АТГ болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж шийдвэрлүүлэх гэнэ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ