Гавьяат хуульч Б.Чимэдийн хоёр шавь

Энэ хоёр эрхмийг Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн “автор” гэгддэг гавьяат хуульч Б.Чимэд тэртээ 26 жилийн өмнө уулзуулжээ. Тухайн үед П.Цагаан, Б.Чимэд гуайн туслахаар ажиллаж байв. Тиймээс Үндсэн хуулийн төслийн гар бичмэлийг хамгийн олон удаа уншсан хүн гэж хэлж болно. Харин Том Гинсбург Азийн санд ажиллаж байсан.Үндсэн хуулийн төслийн эхийг боловсруулах ажилд мэргэжлийн зөвлөгөө авахаар Б.Чимэд тус санд хандаж байжээ. Тэр үеэс Том Гинсбург мэргэжлээ сольж “Үндсэн хууль судлаач” болсон түүхтэй. Олон жилийн дараа уулзаж буй энэ мөчид Том Гинсбургээс цөөн асуултад хариу авлаа.

-Монголчууд Үндсэн хуулиа эцэг хууль хэмээн өргөмжилдөг. Эцэг хууль боловсруулахад гар бие оролцсон Таныг олон нийтэд илүү дэлгэрэнгүй танилцуулмаар байна.

-1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад миний оруулсан хувь нэмэр маш бага. Би тэр үед Азийн санд ажиллаж байсан. Профессор Б.Чимэд “Бид Үндсэн хуулийг шинэчилж боловсруулах гэж байна. Зөвлөгөө авъя” гэж Азийн санд хандаж байлаа. Миний хийх ажил гэвэл, тэр үед Азийн сангийн шугамаар ирсэн зөвлөхүүдтэй холбож, ажлыг нь уялдуулж өгөх байв.

Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан Б.Чимэд гуай их мундаг хүн байсан. Үндсэн хуулийн төсөл боловсруулахдаа бүх нам, залуу ахмад үе гээд бүхий л төлөөллийг хооронд нь холбож оролцуулж чадсан гэж боддог. Түүний гарын шавь болох П.Цагаанч бас маш сайн ажилласан. Б.Чимэд гуай П.Цагааныг өөрөө сонгож авч байсан гэдэг юм. Сүүлдээ бид хоёр Б.Чимэд багшийн шавь болцгоосон.

-Та тэр үеэс хойш Үндсэн хуулийг судалдаг болсон гэсэн. Тийм үү?

-Азийн санд ажиллаж байсан экспертүүдийн хамгийн сайн нь Берклийн их сургуулийн профессор Шапиро гэдэг хүн байлаа. Би үндсэн ажлаа бүр орхин Шапирог дагаж Үндсэн хуулийн судалгаанд шимтэн орж докторын зэрэг хамгаалах судалгааны ажилхийж эхэлсэн. Тэр үеэс хойш Үндсэн хуулийн асуудлаар ажиллаж байгаа.

-Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөх талаар эрчимтэй ярьж байна. Таныг үүнтэй санал нэг байгаа гэж ойлголоо.Зөв үү?

-Үндсэн хуулиа шинэчлэх эсэх асуудлаа монголчууд өөрсдөө л шийдэх ёстой.Монгол Улсын Үндсэн хуулийн ерөнхий бүтэц их сайн. Гэхдээ Үндсэн хууль боловсруулж байх үед тооцоолоогүй байсан олон үйл явдал Монголд өрнөсөн. Үндсэн хуулийн төслийг 1991 онд боловсруулж байх үеэс хойш хугацаанд Монгол Улс маш их өөрчлөгджээ. Энэ өөрчлөлтийг дагаад Үндсэн хуульдаа зохих нэмэлт, жижиг өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж би хувь хүний хувьд боддог.

-Улс төрийн нэг хүчин хэт олонхи байгаа ийм нөхцөлд Үндсэн хуулийг өөрчлөх нь тохиромжтой юу гэсэн болгоомжлол байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж аливаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг тухайн нэг намын юм уу, улс орны тодорхой хэсэгтүр шимнь очих байдлаар хийж болохгүй. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг улс төрийн зөвшилцөл байх ёстой. Тэгэхээр парламентын гадна байгаа улс төрийн намуудаас эхлээд нийгмийн зөвшилцөлөөрчлөлтийн хамгийн чухал хүчин зүйл байдаг.

-Та одоо хаана амьдарч, ямар ажил эрхэлж байна вэ?

-Би АНУ-д амьдардаг. Чикагогийн их сургуулийн хуулийн профессор. Өнөөдөр Чикагод Улаанбаатараас илүү хүйтэн байгаа. Гэхдээ бид сургуульдаа их дуртай. Яагаад гэвэл, тэнд байнга онолын асуудлаар халуун маргаанөрнөж байдаг. Түүнчлэн жилд 3-4 улсад очиж Үндсэн хуулийн талаар зөвлөлдөх уулзалт хийдэг.

-Улс орнуудын Үндсэн хуулийг судлах явцад хамгийн урт настай нь аль улсынх байсан бэ?

-АНУ-ын Үндсэн хууль батлагдаад 229 жил болжээ. Ер нь дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн дундаж наслалт 19 жил байдаг. Энэ утгаараа бусад оронтой харьцуулж үзэхэд монголын Үндсэн хууль дэлхийн дунджаас дээгүүр,урт настай гэж болно. Би хоёр жилийн өмнө “Үндэстнүүдийн Үндсэн хуулийн амьдрах чадвар” гэдэгном бичсэн юм. Тэр номонд Үндсэн хууль яагаад урт удаан хугацаанд амьдардаг вэ гэвэл цаг хугацааг дагаад өөрчлөгдөж чаддаг зүйл удаанамьдрах чадвартай байдаг гэсэн дүгнэлт хийсэн байгаа.

-Таны судалсан хамгийн эртний Үндсэн хууль хэдэн онд батлагдсан байдаг бол?

-1789 онд батлагдсан байна. Би 1789 оноос эхлэн батлагдсан дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн талаарх каталогижуулсан мэдээллийн сан бий болгох зорилготой Харьцуулсан Үндсэн хуулийн төслийг удирдан ажиллаж байгаа.Мөн хэд хэдэн орны Үндсэн хууль боловсруулахад хамтран ажиллаж байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Монголчууд маш гайхамшигтай ард түмэн. Хичнээн өөр хоорондоо маргалдаж байсан ч бусад улс үндэстэн шиг хатуу ширүүн замаар бус, энхтайванч аргыг эрхэмлэдэг. Тиймээс маш ухаалаг сонголт хийж чаддаг. Одоо ч ухаалгаар шийдэж чадвал Монгол Улсын Үндсэн хууль 25, түүнээс ч удаан хугацаанд үйлчлэх боломжтой.

М.Мөрөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ