Ц.Элбэгдорж: Алт амласан ч давхардуулж Монгол улсын иргэншил бүү олго

Давхар иргэншлийн талаар нийгэмд нэлээд дуулиан дэгдээд буй. Учир нь Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн үнэн эсэх нь тодорхойгүй мэдээлэл тараад байгаа юм. Хэрэв ийм хууль батлагдвал дотоод, гадаадын хууль бус үйлдлүүд гаарах болно хэмээн олон нийт эсэргүүцэж байгаа билээ. Харин Ц.Мөнх-Оргил сайд ийм хуулийн төсөл боловсруулаагүй гэсэн хэмээн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан батлан хэлж байгаа юм.

Манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй. Гэхдээ гадаадад мэндэлсэн хүүхэд эцэг эхээ дагаж, Монгол Улсаар овоглох эрхтэй байдаг.

Ямартай ч энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Давхар бас хоёрдмол иргэншил гэх яриа үе үе гардаг л юм. Би Монгол улсын Засаг, Төрийг төлөөлж байх бүх хугацаандаа энэ яриаг няцааж, "болохгүй" гэдэг хатуу байр суурь баримталж ирсэн. Монгол улс давхар иргэншлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. МОНГОЛ УЛСЫН ИРГЭН: Энэ бол зөвхөн Монгол улсын иргэнд, түүний үр хүүхдэд заяах онцгой эрх юм. Алт амласан ч харь орны иргэнд давхардуулж Монгол улсын иргэншил бүү олго. Энэ бол Монгол төрийн сахин хамгаалж ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй баримтлах бодлого юм." гэсэн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ