Хууль зүйн байнгын хороо шүүгчдийн асуудлыг хэлэлцэв

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавиннэгдүгээр зүйлийн 51.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийн танилцуулгыг хийлээ.

Нэр дэвшигч Гочоогийн Банзрагч 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1985-1995 онд нийслэлийн 43 дугаар дунд сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. 1999-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд, 2002-2003 онд ХБНГУ-ын Байротын их сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2006 онд Байротын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 2001 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхимийн багш, 2015 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаа юм байна.

Нэр дэвшигч Бямбын Мөнхтуяа нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн, 1970-1980 Булган аймгийн Булган сумын дунд сургууль, 1981-1986 ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, 1996 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтыг тус тус төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, 2000 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр 1986-1988 онд Булган аймгийн прокурорын газарт дадлагажигч ажилтан, 1988-1989 онд Тээврийн яамны Хуулийн хэлтэст хууль тогтоомжийн фондын бүрдүүлэгч, 1989-1991 онд Улаанбаатар хотын шүүхийн шүүгч, 1991-1992 онд Найрамдлын районы Ардын шүүхийн шүүгч, 1992-1993 онд Ажилчны районы шүүгч, 1993-2006 онд ХУД-ийн шүүгч, 2006-2011 онд БГД-ийн шүүгч, 2011-2014 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2014 оны зургаадугаар сараас өнөөг хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм байна.

Танилцуулгатай холбогдуулан, нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулан, шүүх засаглалын өнөөгийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор саналуудыг хэллээ.

Мөн байнгын хорооны хурлын төгсгөлд Улсын ерөнхийпрокурорын орлогчид нэр дэвшигчийн асуудлыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавинзургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокурорын орлогчоор Баяраагийн Амгаланбаатарыг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлсэн байна.

Б.Амгаланбаатар нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Цагдаагийн дээд сургууль төгсөж баклавар, 2008 онд Монголын Үндэсний дээд сургуульд суралцаж эрх зүйн магистр, 2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирдлагын академи төгсөж удирдлагын менежер цол, боловсрол тус тус эзэмшжээ. Тэрээр 1993-2002 онд Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2002-2007 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, 2007-2008 онд Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, 2012 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, 2014-2015 онд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн прокуророор ажиллажээ. Б.Амгаланбаатар нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан талаар танилцуулгад онцолсон юм.

Танилцуулгатай холбогдуулан болон нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй бөгөөд уг асуудлыг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар тогтов.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ