Замын хөдөлгөөний хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны долдугаар сарын 08-ны өдөр баталж, 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчлийн төрөл, тэдгээрт оногдуулах захиргааны шийтгэлийг нарийвчлан зохицуулсан. Тус хуулийн дээр зарим тодорхойгүй зохицуулалтын улмаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 4956 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй, үүнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 4076 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй буюу үлдэгдэл 880зөрчлийг шалган шийдвэрлэх боломжгүй, ямар нэг шийтгэл ногдуулаагүй байгааг танилцуулгадаа дурдав.
Иймд дээрх хуулийн зөрчлийг арилгах үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсанаар зөрчилд ногдуулах хариуцлага оновчтой, хуулийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, Ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ