Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарын томилгоог хэлэлцлээ. Үндсэн хуулийн 56.2-т Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох асуудлыг УИХ-д зөвшилцөнө гэсний дагуу УИХ-ын байнгын хороогоор хэлэлцсэнийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцууллаа.

Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд С.Зориг агсаны хэргийн шүүхийн шийдвэрт зарим иргэд эргэлзэж байгаа талаар хөндсөн юм. Яллагдагчдыг хэлмэгдүүлсэн, хаалттай хуралдсан ч шүүгдэгчид болон хохирогчдын зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн гэсэн мэдээллүүд их гарч байгаа билээ. Энэ асуудалд Улсын Ерөнхий прокурорын байгууллагаас тодорхой тайлбар өгч, иргэдийн эргэлзээг тайлах ёстой гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байлаа. Энэ талаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Прокуророос С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан захиалгаар хүний амь нас хохироосон, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүний амь насыг хохироосон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж бодож байна. Гомдолтой бол давж заалдаж болно.” гэсэн тайлбар өгөв.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ