МАН: Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг энэ сард зарлана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар оролцлоо.
МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдааны явцад бүлгийн гишүүд уг асуудлуудыг дэмжихээ илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль нэг хуулиар явсан. Манай нам бол энэ гурван сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Гэвч УИХ-аар хэлэлцээд нэг хуулиар зохион байгуулахаар болсон. Гэтэл СЕХ-ноос бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь төвөгтэй байна. Тиймээс тусдаа хуультай болох нь зүйтэй гэдэг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Ингэхдээ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд суурилж саналаа ирүүлсэн.
Тухайн үед буюу 2013 онд УИХ-д таван нам байсан. Тиймээс хуульд байгаа үндсэн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь аваад, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж Байнгын хороо шийдсэн. Харин зохион байгуулалттай холбоотой шинэ заалт оруулж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээр сарын дунд үед багтаад, Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа товыг зарлах зорилготой байгаа. Энэ хуульд УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай намуудын төлөөлөл орсон ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тохирлоо. Энэ төслийг МАН-ын бүлэг дэмжлээ.
Өнгөрсөн УИХ-аар Нийтийн сонсголын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” төсөл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бүлгийн гишүүд дэмжлээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-СЕХ-ноос ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь батлах зайлшгүй бодит нөхцөлийг ямар үндэслэлээр гаргаж тавьсан юм бол?
-СЕХ-ноос саналаа гаргахдаа сонгуулиудыг тус бүрд нь өөрийнх нь хуулиар явуулж байх нь илүү тохиромжтой байна гэсэн үндэслэлээр бидэнд тухайлсан заалтуудыг нэрлэж ирүүлсэн. Хэрэглэхэд тохиромжгүй,ойлгомжгүй заалтууд нь үндсэндээ техникийн шалтгаантай зүйлүүд байсан юм. Түүнээс биш сонгуулийн тухай хуульд тогтолцоотой холбоотой зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэх шаардлагатай биш гэж үзсэн. Сонгуулийг зөв, эмх замбараатай, зохион байгуулалттайгаар сонгуулийн үйл ажиллагааг явуулахад чиглэсэн санал дээр тулгуурласан төслийг оруулж ирсэн гэж ойлгож болно.
-Сонгуулийн тухай хуулинд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй гэдэг заалтаа орхигдуулснаас үүдэж, өнгөрсөн сонгуулийн өмнө нэлээд маргаан дагуулсан. Энэ хуулийн төсөл дээр уг заалт тухайлан тусаж өгөх болов уу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлээр зохион байгуулна гэж бодоход нэгдүгээр сард багтаан холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулчихвал онцын зөрчилдөх зүйл үүсэхгүй гэж байна. Сонгуулиас 150 хоногийн өмнөөс холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт оруулж өгсөн байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд өрсөлдөхөөр хуулийн төсөлдөө зааж өгсөн. Бие даагч С.Жавхлан гишүүн өөр намд элссэнээр тухайн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрдэх үү?
-Өмнөх сонгуулийн тухай хууль, тогтоомжууд дээр УИХ-д суудалтай нам гэсэн ойлголт янз бүрээр тайлбарлагдсан байдаг. Энэ хуулийн төсөл дээр УИХ-д нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүхий намыг парламентад суудалтай гэж үзнэ гэсэн тодорхойлолт орж байгаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ