Цахим сунгаанд фракцгүй эрхэм хол түрүүлж явна

Цахим орчинд аль эртнээс АН-ын даргын сунгаа эхэлсэн. Бид өдөр бүр хэн хэдэд явна гэдгийг харж үнэлэлт, дүгнэлтээ өгөхөд боломжийн тоон үзүүлэлтүүд гарсан байгаа.
АН-ын даргын цахим сунгаанд zaluu.com, shuud.mn, bataar.mn зэрэг сайтууд оролцож, судалгаа явуулж буй. Өчигдөр 22 цагийн байдлаар судалгаанаас товч дурьдвал, Ж.Батзандан zaluu.com, bataar.mn сайтуудын судалгаанд хол тасархай түрүүлж, shuud.mn сайт дээр түрүүлж байгаа Д.Эрдэнэбат 4, 5-т бичигдэж байна. Харин Н.Алтанхуяг алтан дундажтай л үргэлжлүүлж явна. Сүүлийн үед намын даргын өрсөлдөөн фракц хоорондын өрсөлдөөн болж эхэлсэн талаар хэвлэл мэдээллээр дурьдах болсон ч олон нийтийн дунд Ж.Батзандан харьцангуй өндөр рейтингтэй байгаа нь магадгүй түүнийг шударга, бас фракцгүй гэдгээр нь үнэлж гарсан дүн байж болох юм.
Тэгэхээр энэ нь юуг хэлж байна вэ гэхээр олон нийт, ялангуяа ямарваа нэгэн улс төрийн намын харьялалд багтаж буй гишүүд аливаа бүлэглэлийг үл дэмжих үзэгдэл нийгэмд ноёлж байгаагийн тод жишээ гэж болохоор байна. Энэ бол сошиал дүгнэлт.
Энэ утгаараа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн АН-ын ялагдлыг фракцад тохоож, түүнээс хойш намын шинэчлэлийн асуудлыг эрчмийг нь алдуулалгүй хэлэлцэж, ийнхүү одоо шинэ даргын сунгаа эхэлсэн. Энэ намын бүхий л асуудлыг зөвхөн нэг намын дотоодын бус Монгол улс төрийн нэг тулах баганын асуудал хэмээн үзэж, бүх нийтээрээ анхааралтай ажигласаар байна. Ажиглалт хийхэд гол нөлөө үзүүлж, ил тод байдлыг хангаж байгаа хүчин зүйл бол гарцаагүй цахим орчин.
Эндээс хэн гэдэг нэр дэвшигч нь хэрхэн хурдалж байгааг ажиглахын зэрэгцээ гишүүдийн зүгээс өөрсдийн дэмжиж буй нэр дэвшигчдээ ч ташуур өгөн хурдлуулах боломж бүрэн нээлттэй.
Тэр утгаараа сошиал гэдгийг олон нийт гэж ерөнхийдөө ойлгоход буруутахгүй. Гэхдээ цахим сунгаагаар сонгуулийг шууд шийдэхгүй ч энэ бол барьж босгож буй байшингийн бүхэл нэг тал. Гэтэл олон нийтийн хандлага огцом хувирах тохиолдлууд манайд цөөнгүй ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, тэр ханыг далдуур сэм өнгө зүсийг нь өөрчилж, өөрсдийн бүтээл мэт хуурмаг зүйл сэдэж хийснээс болж хүнд бэрх асуудлууд үүсдэг. Гэвч энэ талаар хэсэгхэн хугацаанд шуураад таг мартаж орхидог дутагдал иргэд, олон түмэнд ч бий.
Ийм дүр зураг энэ сонгуульд бүү үзэгдэг гэж олон хүн дотроо хүсч байгаа нь тодорхой.
АН-ын гишүүд ямар шинэчлэлийг хамгийн их хүсч байгааг энэ удаагийн сонгууль харуулах учиртай. Нэр дэвшигч таван эрхмийн эзэмшсэн мэдлэг боловсролын харьцуулалт гээд олон талын судалгааг эмхэтгэн цахим ертөнцөөр цацаж байна. Тиймээс нээлттэй мэдээлэл дундаас намын гишүүд сонголт хийхэд төвөггүй бөгөөд сонголт нь улс орны ирээдүйд ч нөлөөтэй болохыг ухамсарлах нь чухал юм.



Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ