МАХН: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дэмжихгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус хуулийг өнгөрсөн сарын 28-нд өргөн барьсан бөгөөд энэ сард батлахаар төлөвлөсөн. Харин МАХН-ын зүгээс энэ хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Учир нь:
Тус хуулийн 6.3-т “Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно” гэжээ. Энэ нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын уугуул иргэн нь хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих, амьдрах бүрэн эрхтэй гэснийг зөрчиж байна гэлээ.
30.4-т Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно гэсэн нь сонгуульд оролцохгүй байж болно гэсэн санаа агуулж байгаа аж. Улстөрийн намууд бусад намын нэр дэвшигчийг дэмжихээс өөрөөр хамтрах боломжгүй гэж заасан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа гэнэ.
Мөн 31.1.1-т "Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа оролцоно" гэсэн заалт бий. Ийнхүү намаар харьяалж байгаа нь нэр дэвшигчдэд саад хийсэн үйлдэл, заавал намын гишүүн байхаар хуульчилсан нь хүнийг аль нэг намд элсүүлэх шаардлага тавьж байгаа хэрэг гэж үзжээ.
31.1.2-т "Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтрана" гэж заасан нь хууль зөрчиж байна гэлээ. Ганцхан суудалтай МАХН-ыг аль нэг намтай хүчээр хамтарч оруулах гэсэн санаатай байна гэв.
Түүнчлэн 30.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэж заасан ч энэ хууль өөрөө нэгдүгээр сарын дундуур батлагдах учраас мөрдөх боломжгүй болж байгаа юм байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү орох саналтай байсан ч түүнийг оруулаагүй юм байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж МАХН үзэж байгаагаа илэрхийллээ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ