С.Жавхлан:Та нар хөхрөлдөөд инээлдээд байна. Энэ инээд биш шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 86 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.Нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгасан. Нэр дэвшигчийн сонгуулийн суратлчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, мөн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авч өгдөг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь гадаад улсад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч болохгүй гэдэг заалт оруулчихсан байна, энийг Үндсэн хуульд заагаагүй шүү.

Парламентад суудал бүхий намууд хамтаръя гэхээр хоёрхон нэр дэвшигч гарах гээд байна. Би аль болох олон хүн өрсөлдөөсэй л гэж бодож байна.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ноднин жил сонгууль тулгаж байгаад хууль батлахад би оролцоогүй, эсэргүүцэл илэрхийлэх хэлбэрээр.

Өнөөдөр Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг оруулж ирж байгааг дэмжиж байна.

Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг гурван тусдаа хуулиар зохицуулах ёстой юм. Яагаад гэвэл журам нь өөр, өөр байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хандив гэдэг юм байдаг. Гэтэл энэ сонгуулийг зохион байгуулахын тулд улсын төсвөөс асар их зардал гаргахаар тусгаж байгаа. Та бүхнээсээ би төрийн тэргүүнийг мөнгөнөөс хол байлгаад өгөөч гэж хүсээд, хандив авдагийг болиулчихаач гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Хамаг Монголоо дуулаа л нэгтгээд явж байсан шиг энийг би эсэргүүцэж ажиллана. Сонголтгүй сонгууль болох гээд байна. Манай Үндсэн хуулийн тогтолцоо бол яагаад ч амьдралд нийцэхгүй болчихож ээ. Хуулиудаа өөрчлөх хэрэгтэй юм байна. УИХ-д 45-аас доош настай гишүүн олон бий. Гэтэл Үндсэн хуулиараа нэр дэвших боломж алга. Хоёр хөгшин “азарга” уралдах нь дээ.

Та нар хөхрөлдөөд инээлдээд байна. Энэ инээд биш шүү, сэтгэл зүрхээрээ засаад явах ёстой. Хэзээ нэгэн цагт орой руу чинь орно шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ