Кубын Засгийн газрын тэтгэлгийн тоог нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буйд нь Ерөнхий сайд баяр хүргэж, хоёр орон газар зүйн байршлын хувьд алс хол оршдог ч орчин үеийн техник технологийн ачаар бид ойр ажиллах, иргэд хоорондын харилцаа өргөжих боломж бий гэж дурдлаа.

2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хувьд 30 гаруй жилийн дараа дээд түвшинд болсон үйл явдал бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион, Боловсролын салбарын хамтын ажиллагаа манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш нийт 140 гаруй оюутанд Кубын Засгийн газраас тэтгэлэг олгосон бөгөөд цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх болно гэлээ.

Талууд хоёр орны спортын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатайг дурдаж, тамирчдын бэлтгэлийг Куба Улсад хийх боломжтой гэв.

Мөн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Оны өмнө томилогдож ирсэн тэрээр энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хүрээнд олон чухал ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдсэн, улс төрийн итгэлцэл улам гүнзгийрсэн, өндөр түвшний харилцааны эрчийг бууруулалгүй, цаашид Стратегийн түншлэлийг дараагийн шатанд дэвшүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж, төсөл, хөтөлбөрүүд онцгой чухал үүрэгтэй байсан гэдгийг хэллээ.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзаж ярьж тохирсон ажлууд эхнээсээ биелэлээ олж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Элчин сайдыг энэ чиглэлд анхаарч хамтран ажиллахыг хүслээ.

Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд Гадаад харилцааны сайдаар ахлуулан зохион байгуулах хороог байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ