Арктикийн хүйтэн Европ тивийг нөмрөв

Сүүлийн нэг хоногт гэхэд л энэ хүйтний улмаас 20 гаруй хүн амь насаа алдаад байна. Олон мянган хүний төлөвлөгөө өөрчлөгдөж, их цас унаснаас болоод нисэх буудлууд олон зуун нислэгийг цуцалжээ. Балканы хойгт цасан шуурга тавьж байна. Хүйтрэхийн өмнө хамгийн эмзэг хүмүүс буюу орон гэргүйчүүд болон дүрвэгсдэд туслахыг Улаан загалмайн нийгэмлэг европын орнуудын эрх баригчдад уриалжээ.
Туркт цас шуурсаар хэдэн өдөр болж байна. Туркийн нисэхийн гол тээвэрлэгч болох “Turkish Airlines” компани олон зуун нислэгийг цуцалжээ. Ганцхан Ататюркийн нисэх буудалд гэхэд л дэлхийн энд тэндхийн 20 мянган зорчигч түгжирчээ. Олон хүннутаг нисч чадахгүй бүтэн хоёр хонож байна.
Стамбул болон түүний захын хорооллуудад тээврийн хөдөлгөөн хэрэг дээрээ зогсжээ. Зарим газарт цасанд боогдсон хүмүүс машиндаа 10 хүртэл цагийг өнгөрүүлсэн байна. Стамбулын зарим газарт нэг метрээс илүү зузаан цас оржээ. Дээр нь цас орсоор л байна. Босфорын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөн зогсож, хөлөг онгоцууд Мраморын болон Хар тэнгист бөөгнөрчээ.
Дунай мөрөнд ч хөлөг онгоцны хөдөлгөөн зогссон байна. Хүйтэнд өртсөн Серб, Унгар, Болгарын засгийн газар ч мөн ийм шийдвэр гаргажээ.
Нарлаг Италид 8 хүн хөлдөж амь насаа алдаад байна. Альпын нуруунд агаарын температур хасах 27 градусаас доош буужээ. Авто замууд хаагдаж, Ром хотын хэд хэдэн алдартай усан оргилуур хөлдсөн байна.
Румынд их цас унаснаар үндэсний хэмжээний автын 50 зам хаагджээ. Хүчтэй салхи байдлыг улам хүндрүүлж байна. Зарим үед салхины хурд цагт 100 орчим километрт хүрдэг аж. Замуудад түгжигдсэн хүмүүстэй аврагчид ажиллаж байна.
С.Инда
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ