Казиногийн тухай хуулийн төслөөр ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Казино байгуулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцлээ. Казино байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д 2015 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн бөгөөд өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан юм.

Хуулийн тусгаснаар хоёр ч казино байгуулахаар заасан. Казиногоор зөвхөн гадаадын иргэд үйлчлүүлэх эрхтэй байхаар томъёолсон. Тодруулбал, Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлэхээр тусгажээ. Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлөх аж. Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд заасан байна. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа аж. Казино байгуулагдсанаар аялал жуучлал нэг сая жуулчнаар, жилд улсын төсөвт 74-130 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог тухайн үед гаргасан байв.

Эрх баригчид Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндсөн билээ. Тиймээс өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуульд Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболд ахалж, Н.Учрал нарын гишүүд ажлын хэсэгт багтжээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ