Эрүүлжүүлэхийн тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо

Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.

Уг хуулийн төслөөр эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд, түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллах юм байна. Мөн эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тус тус хуулийн төсөлд тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан юм.

Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах зохицуулалтыг, түүнчлэн үйлчлүүлэгч догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар бол уг этгээдэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан журмын дагуу номхотгох аргыг хэрэглэж болох зохицуулалт, эрүүлжүүлэх үйлчилгээнээс олсон орлогыг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд нь зарцуулахаар хуулийн төсөлд тус тус тусгасан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар Ш.Раднаасэд нар асуулт асууж, ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 76.9 хувийн саналаар уг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын есөн гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн саналаар тус төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ