Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдав

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн үндэслэх хэсгийн “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэс хэсгийг үндэслэн” гэснийг “Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсгийг үндэслэн” гэж өөрчлөх, төслийн 2 дахь заалтыг “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй бөгөөд Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн хавсралтын Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслүүдийг санаачлагч “Н.Энхболд, Д.Хаянхярваа” гэснийг “Хууль санаачлагч” гэж өөрчлөх, түүнчлэн одоогоор Улсын Их Хуралд өргөн баригдаад байгаа хуулийн төслүүдийг тогтоолын төслийн хавсралтаас хасахаар болов. Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийтийн сонсгол зохион

байгуулах тухай журам баталлаа

Чуулганы нэгдсэн хураллдаанаарУлсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүнээс өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийнхэлэлцүүлгийг хийлээ. Хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талааархи Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат хийсэн юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Төрийн байгуулалтын байнгын дээрх хороо хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 83.7 хувь нь, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ