Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг сонссон бөгөөд үргэлжлүүлээд Хууль зүйн байнгын хороо дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусаад, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Харин Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гаргасан төслөөс уг хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй нийцүүлж хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан. Гишүүд согтуугаар автомашин жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй, баталсан хуулиа зөрчихгүй мөрдөх шаардлагатай гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 2016 оны 08 дугаар сарын 30-ны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан. Уг хууль нь практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.6 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Уг хуулийг дагаж мөрдөх хугацааг мөн ирэх 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан. Гэвч ойлгомжгүй асуудлууд үүссэн учраас уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээ, Зөрчлийн тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зохицуулалтыг тусгажээ. Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Дараа нь УИХ-ын гишүүн М.Билэгт нэр бүхий есөн гишүүний 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.Иймд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа иргэдийг албадан саатуулах нь хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харъяанд байлгах, саатуулах байранд согтуу этгээдэд үзүүлэх үйлчилгээг энэ хуулиар зохицуулахаар шинэчилэн найруулсан байна. Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.6 хувь нь дэмжсэн юм. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 16 гишүүд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэн оролцсон юм. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. хуулийн төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ. Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч буй аж. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулав. Хуулийн төсөлд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгажээ. Уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн юм. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ