Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн байр суурь, хүсэл эрмэлзлэл, саналыг зөвлөлдөх ардчиллын зарчмаар тодруулах эрх зүйн механизмыг бий болгож хуульчлах шаардлагатай байна гэж танилцуулгад дурдсан. Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж буй юм байна.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэдэг арга, ажиллагааг зөвхөн хуульд заасан хүрээнд гүйцэтгэж, зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байхаар тусгажээ. Мөн цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн тодорхойлж, цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг өөрчлөн томьёолж, эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид цол олгодог байхаар тусгажээ. Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, холбогдох хуульд заасны дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв болон эмнэлэгт хүргэх, эсхүл боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх, цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилохдоо алба хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчим зэрэг асуудлыг тусгасан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив. Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ нь энэхүү хуулийн төслийг боловсруулах практик хэрэгцээ, шаардлагыг үүсгэж байна гэж тайлбарлаж байгаа юм. Хуралдааны үеэр гишүүдийн ихэнх нь дотоодын цэргийг татан буулгасан нь буруу шийдвэр байсан гэдэгтэй санал нэгдэв. Хоёр жилийн өмнө татан буулгасан байгууллагаа одоо дахин сэргээх гээд сууж байгаа нь зардал нэмэгдэх шалтгаан болж байна гэх санал шүүмжлэл хэлж байсан юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ