Өчигдөр үдээс хойш УИХ-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг энэ хугацаанд нэг удаа, ажлын дэд хэсэг хоёр удаа хуралдаж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна.
зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 231 зүйлийн 231 2 дахь хэсгийн “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах” гэснийг “ажлын байраар хангах” гэж, мөн зүйлийн 231 3 дахь хэсгийн “холбогдох хууль тогтоомжид” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 3 дугаар 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг “Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн “3 жил” гэснийг “4 жил гэж, “”3 жил байна” гэснийг “4 жил байна” гэж өөрчлөн найруулж, энэ хэсэгт оруулсан өөрчлөлт нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байгаа дипломат ажилтанд хамаарахгүй байхаар зохицуулахыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Мөн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15, 2000-5000 хүн амтай бол 21, 5000-9000 хүн амтай бол 27, 9000 ба түүнээс дээш хүн амтай бол 31 төлөөлөгчтэй байхаар заажээ. Харин 20000 хүртэл хүн амтай бол 17, 20000-80000 хүн амтай бол 25, 80000-180000 хүн амтай бол 35, 180000 ба түүнээс дээш хүн амтай бол 41 төлөөлөгч тус тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллахаар хуульчилсан байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй байна. Ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг тухайн нутаг дэвсгэрт үр дүнтэй хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарна гэж үзсэний үндсэн дээр дээрх дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.
Уг хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болох зохицуулалтыг нэмэхээр тусгасан байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар нутгийн өөрөө удирдах байгууллагын чадамж нэмэгдэж, тухайн нутаг дэвсгэрийн өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд тодорхой ахиц гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 34 нь буюу 78 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 21 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын сангаас өндөр насны, эсхүл цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч байгаа иргэн энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрээгүй бол энэ хуулийн 9, 11 дүгээр зүйлд заасан дэмжлэг, үйлчилгээнд хамрагдана” гэсэн агуулгатай 3.2 дахь хэсэг нэмэх, төслийн 8.1.2 дахь заалтыг “Шүд /үнэт металлаар хийхээс бусад/-ний протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг 3 жилд нэг удаа нөхөн олгох” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 8.1.5 дахь заалтыг “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж өөрчлөн найруулах, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн саналаар төслийн 12.4 дэх хэсгийг “100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно” гэж өөрчлөхийг дэмжив. Хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх, үүнтэй холбогдуулан төслийн 16 дугаар зүйлийг Зөрчлийн тухай хуультай нийцүүлж өөрчлөн найруулахаар тогтлоо. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
байнгын хорооноос дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Төслийн 1.1, 4.1 дэх хэсгийн “хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” гэсний дараа “Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат” гэж нэмэх, 5.3.3 дахь заалтын “зүтгэлтэнд” гэснийг “зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат” гэж өөрчлөх, төслийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 1.1, 4.1-д заасан Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутатад энэ хуулийн 53.3-т заасан нэмэгдэл, энэ хуулийн 5.4-т заасан хөнгөлөлтийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно” гэсэн агуулгатай 10.2 дахь хэсгийг нэмэхээр болов.
Харин ажлын хэсгээс гаргасан төслийн 1.1, 4.1 дэх хэсгийн “хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” гэсний дараа “Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992 он/ Улсын Бага Хурлын гишүүн” гэж нэмэх, 5.3.3 дахь заалтын “зүтгэлтэнд” гэснийг “зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992 он/ Улсын Бага Хурлын гишүүнд” гэж өөрчлөх саналыг байнгын хороо дэмжээгүй аж. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Байнгын хорооны саналыг дэмжээгүй тул ажлын хэсгийн санал төсөлд үлдэв. Мөн дэмжигдээгүй бусад саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг, манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаж хэрэгжсэн 11 жилийн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болжээ. Тухайлбал, хуулийн нэр, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдуулсан, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон аж. Иймд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Энэ асуудлыг гишүүдийн 92.7 хувь нь дэмжсэн тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Донорын тухай хуулиар гамшиг, онцгой байдлын үөийн цусны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа хэдий ч цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийн орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалт тусгагдаагүй байдаг аж. Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг хуульчлах шаардлагатай болсон бөгөөд хуулийн зохицуулалтгүй байснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн үйл ажиллагаа нь нэгдсэн удирдлагагүй болох, төсөл сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаа тодорхой шалгуургүй болох зэргээр хийдэл үүсэхээр байгаа тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах замаар энэ асуудлыг зохицуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Манай улсын хувьд ойрын хугацаанд төсвийн хөрөнгөөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд бэрхшээлтэй байгаа учир Парисын хэлэлцээрийн хүрээнд баталгаажсан олон улсын санхүүжилтийн механизмыг бүрэн ашиглах зорилгоор Байгаль хамгаалах санг “Байгаль орчин, уур амьсгалын сан” болгон өөрчилж, Үндэсний хэрэгжүүлэх нэгж байгуулах хууль, эрх зүйн орчинг бий болгох шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан аж. Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ