Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг УИХ буцаалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг буцаах болсон асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тайлбар авлаа. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Алдаатай зүйлийг нь засаж залруулъя, хуулийн согогийнх нь усыг шахах гэхээр шахуулдаггүй чинь ямар учиртай юм бэ? Сонгуулийн нэгдсэн хуульд алдаатай олон зүйл бий. Хууль тойрсон маргаанаас үүдэлтэй элдэв юм болох вий. Би энэнээс л болгоомжилж байна." гэсэн байр суурьтай байлаа. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн ерөнхий хороо өмнө нь Засгийн газар болон Хууль зүйн яаманд хандаж “Сонгуулийн нэгдсэн хуулийг дэмжих боломжгүй” гэж саналаа хүргүүлж байсан. Цаг хугацаа туллаа гээд санал аваагүй.

Найруулгын чанартай 150 гаруй санал байгаа нь хуулийг боловсронгуй болгохыг харуулж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах болохоор Сонгуулийн нэгдсэн хуульд хугацааны хувьд зөрчилтэй нэлээд хэдэн заалт бий. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь олонхийн санал авч чадаагүй болдахин сонгууль явуулна гэдэг.Гэтэл хоёр янзын хугацаа бий. Эхнийх нь дахин сонгуулийг 30 хоногийн дотор зарлан явуулах. Хоёр дахь нь дахин сонгуулийг долоо хоногийн дотор товлон зарлана гэдэг.

Мөн санал авах өдрийг УИХ, орон нутаг хоёрт зааж өгсөн ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг орхигдуулсан.Цэргийн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг Батлан хамгаалах яам гаргаж өгнө гэсэн хэрнээ хилийн цэргийг орхигдуулсан. Өнгөрсөн жил болсон УИХ, орон нутгийн сонгуулиар зөвлөмж өгч байж, хилийн цэрэгт алба хааж байгаа хүмүүсийн судалгааг гаргуулж сонгогчийн нэрсийн жагсаалт бүртгүүлж байсан.

Сонгуулийн нэгдсэн хуулийн Ерөнхийлөгчийн сонгууль дээр нэр дэвшигч үнэмлэхээ 30 хоногийн өмнө авна, сурталчилгаагаа 20 хоногийн өмнө эхэлнэ гэж заасан. Дунд нь 10 хоног гарч байгаа. Ийм, ийм шалтгаануудын улмаас Сонгуулийн нэгдсэн хуульд багтаасан Ерөнхийлөгчийн сонгуулийг тусад нь хууль болгон баталж өгөөч гэх хүсэлтийг бид УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд тавьсан байсан юм. Одоо бид олон зүйлийг журмаар зохицуулахаас аргагүй болж байна." гэсэн тайлбарыг өглөө.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Сонгуулийн ерөнхий хорооны даргад хандан “Энэ хууль чинь болохгүй байна, хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэдгээтухайн үед нь хэлэхгүй яасан юм бэ?" гэсэн асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Бид “Төслийг дэмжих боломжгүй” гэдэг санал өгсөн байсан, гэвч сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулахдаа санаачлагч манайхаас санал аваагүй. Одоо нэгэнт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль буцах болж байгаа учраас УИХ-ын намрын чуулган эхлэх үед бид зарчмын зөрүүтэй 150 саналаа тусгаад саналаа хүргүүлнэ" гэсэн хариултыг өгөв.

МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатарын хэлснээр УИХ дахь МАН-ын бүлэг зургаан сарын дотор хууль өөрчилдөг, буруу жишгийг халах ёстой гэж үзжээ. Мөн Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг тусад нь салгаж аваад хууль болгон батлахаар 180 гаруй санал хүчингүй болох нөхцөл үүссэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслүүдийг нэг дор өргөн барьж, хэлэлцэх шаардлага үүсэх аж.

Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн “Төслийг буцаах нь зүйтэй” гэсэн саналын томъёоллоор санал хураахад 43 гишүүнээс 38 нь дэмжив.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ