Албан үүргээ гүйцэтгэж байхдаа хохирол учруулбал төр хариуцах заалт орсон

Улс орны нийгэм эдийн засгийн байдал, олон улсын эрх зүйн чиг хандлагын хүрээнд 2013 онд цагдаагийн байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж, 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөж иржээ. Гэвч тухайн үед хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаагүй байна. Тиймээс өнөөдрийг хүртэл цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байгаа юм.

Тэгэхээр албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалт бол нийгэм, эдийн засаг, улс төрийн баталгаа, бусад хариуцлага зэргийг багтаасан Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг зайлшгүй батлах зүй ёсны шаардлага бий болжээ.

Шинэчилсэн найруулгын төсөлдцагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг 2 бүлэгт зааж өгчээ. Тухайлбал, цагдаагийн албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, иргэдэд шаардлага тавих, иргэдийн бичиг баримт шалгах, орон байранд орж гарахад хяналт тогтоох, согтууруулах мансууруулах бодист донтой эсэхийг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, тээврийн хэрэгслийг албадан зогсоох, замын хөдөлгөөний чиглэл өөрчлөх, судалгаа хийх, албадлагын арга хэмжээ буюу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэлүүдийг бүгдийг нь зааж тусгасан байна. Эдгээрийг тусгаж өгснөөр цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхэд тодорхой хэмжээний баталгааг иргэдэд бий болгож байгаа юм байна.

Харин цагдаагийн баталгааны тухайд 2013 оны хуульд байсан тодорхой хэмжээний баталгаануудыг уламжилж авч үлджээ. Тухайлбал, цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь 10 жилийн хугацаанд сарын үндсэн цалинтай нь тэнцэх тэтгэмжийг сар болгон олгох, аймгийн төвөөс бусад суманд тав ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох гэх мэт зохицуулалт оржээ.

Ер нь албан хаагчдын баталгааг хуулийн төсөлд улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн баталгаа гэх байдлаар тусгасан аж. Улс төрийн баталгааны хувьд цагдаа үүрэг гүйцэтгэж байхдаа аливаа улс төрийн нөлөөнд автахгүй байх, улс төрийн намын лого бүхий техник хэрэгсэл, эд зүйл хэрэглэхгүй байх зэрэг тусгагдсан. Хууль зүйн баталгаатай холбоотойгоор цагдаагийн албан хаагч хууль тогтоомжоор олгосноос чиг үүргээс бусад үүрэг гүйцэтгэхийг хориглоно. Албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байхдаа бусдад хохирол учруулвал төр хариуцахаар, алдаа гаргавал Засгийн газар хариуцахаар гэх мэт заалт оруулжээ. Үүний зэрэгцээ хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, цагдаа ажил үүргээ биелүүлж байхдаа хэм хэмжээ зөрчсөн бол хариуцлага тооцдог болох юм байна.

Түүнчлэн цагдаагийн алба хаагч өөрийн албан тушаал, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргээс үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирч тусламж хүссэн, эсхүл энэ тухай өөрөө олж мэдсэн бол зохих арга хэмжээг нэн даруй авч, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээх аж.

Ийнхүү Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн, харин чуулганы хуралдаанаар үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ