АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг "Монголиан Коппер Корпорейшн" ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр товлосон юм.

Харин УИХ дахь Ардчилсан намын гишүүдэд байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг урьдчилан тараагаагүй учир уншиж танилцаагүй аж. Тиймээс тус бүлгийн дарга С.Эрдэнэ тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хүлээн авлаа.

Мөн УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдах товтой байсан. Гэвч бүлгийн гишүүд орон нутаг болон гадаад томилолттой ажиллаж байсан тулхурлыг хойшлуулан Лхагва гарагт буюу маргааш хуралдахаар болсон.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ