С.Бямбацогт: Шүүхэд очилгүй Арбитраар шийдүүлэх бололцоог нээж өгнө

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолж буй. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулна гэж хууль санаачлагч Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцолсон.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Иргэний хуультай холбоотой 2014, 2015 онд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 40, 30 мянган маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн. Гэтэл монголын Арбитр дээр 40, 70-хан маргааныг жилдээ шийдэж байна. Заавал шүүхэд очихгүйгээр Арбитраар маргаанаа шийддэг байх бололцоог нээж өгч байна. Өнөөдөр яагаад монголдоо биш гадаадад маргаанаа шийдүүлээд байна вэ гэхээр манай улсын Арбитрийн хуулийн орчин сул учраас Лондон, Сингапур, Хонконгт асуудлаа шийдүүлээд байна. Хэрэв дэлхийн жишигт нийцсэн, шаардлага хангасан хуультай болчихвол өөрийн эх орондоо Арбитраар маргаанаа шийдүүлж олон нийт Арбитрт итгэх итгэлтэй болж, энэ нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт ч ашигтай хууль болно.” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "“Хан ресурс”-ын маргаанд бид зөв хандсан бол яах байсан бол гэж боддог л юм. Хэрэв монголын Арбитр шударга ажиллаад ирвэл хөрөнгө оруулагч нарыг татах боломжтой. Шүүхээр орсон асуудал Арбитраар ордоггүй, Арбитраар орсон асуудал шүүхээр ордоггүй байх ёстой шүү." гэв.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ