Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 26-нд товлов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд “төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ.
“Сонгуулийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана. Мөн ээлжит сонгуулийг санал авахаас 65 өдрийн өмнө товлон зарлана” гэсний дагуу СЕХ ээлжит сонгуулийг товлон зарлах талаар УИХ-д энэ сарын 18-ны өдөр саналаа хүргүүлсэн аж.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн, санал авах ажиллагааг 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар уг тогтоолын төслийг дэмжсэн юм.
Энэ нь санал хураалт болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн тов тогтоох ёстой хуулийн хугацаатай холбогдож гарч буй юм байна.
Энэ жил Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ