НББСШУБХороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дараа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч байгаа юм байна. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой аж. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн өдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар биеийн тамир, спорт бүх иргэд, гэр бүл, байгууллагын хэрэгцээ болон хөгжихөд нийгмийн бусад салбар, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, спортын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо тодорхой болж, биеийн тамир, спортын ажил, үйлчилгээний төрөл, хүртээмж, чанар сайжирч, эрүүл чийрэг иргэн төлөвших нийгмийн таатай орчин бүрдэнэ гэж үзэж буй юм байна.
Мөн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даан үйл ажиллагаа явуулах идэвх сайжирч, төрийн байгууллагын ачаалал аажмаар багасч, спортод аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг татахтай холбогдсон зохицуулалт бий болж, спорт бизнесийн зарчмаар хөгжих эхлэл тавигдаж, спорт эдийн засгийн эргэлтэд орж, төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэн, хөрөнгө оруулалт сайжирна гэж танилцууллаа. Түүнчлэн хүн амыг фитнесс, иог, чийрэгжүүлэлтийн төвөөр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зэргээр эрх зүйн орчин бүрдэх ажээ. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ