Эрдэнэтийн 49 хувийг улсад шилжүүлэх санал гарлаа

ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулан байгуулсан билээ.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Эрдэнэтийн 49 хувийг худалдан авалттай холбоотой ажлын хэсгийн хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтын явцад Олон улсын гэрээг зөрчсөн, Банкны тухай хуулийг зөрчсөн гэдэг олон зөрчил илэрсэн тухай тэрээр хэллээ.
Танилцуулгад дурдсанаар, шалгалтын явцад Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшлийн этгээдэд эзэмшүүлэх үү гэдгийг өмчлөгчийн хувьд УИХ шийдэх ёстой байсныг зөрчиж, Засгийн газраас шийдвэрлэсэн аж. Мөн Монгол зэс корпораци Эрдэнэтийн 49 хувийг нийтдээ гурван удаагийн гүйлгээрээр 400 сая ам.доллароор худалдан авчээ. Хөрөнгийн эх үүсвэрийг шалган үзэхэд Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд болон гүйцэтгэх ажилтнууд 2011 оноос хойш өөрийн нэр дээр олон тооны аж ахуйн нэгжүүдийг байгуулж, тэдгээрийн нэр дээр тодорхой төрийн өмчит компанийг хувьчилж авах, худалдаж авах зэрэг аж ахуйн үйл ажиллагааг явуулж байсан нь тогтоогдсон байна.
Ингэхдээ банкны өөрийн эх үүсвэр, Монголбанкнаас хууль бусаар олгогдсон зээл, улсын төсвөөс гаргасан бонд, Засгийн газрын баталгаа зэрэг эх үүсвэрийг ашигласан үндэслэлтэй байгаа ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд дурджээ.
Иймээс ажлын хэсгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад шилжүүлж, 100 хувь төрийн мэдэлд өгөх саналыг гаргаж, Засгийн газрын мэдэлд хэлэлцүүлэг хийх замаар эргүүлэн авах нь зүйтэй гэж үзжээ. Ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан юм.
Дараа нь ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлсэн үгэндээ “Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр бие даан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг “Худалдаа хөгжлийн банк” (ХХБ)-ны захирал болон түүний хүрээллийн хүмүүсийн дөрвөн компаниас зээлжээ. Энэ асуудалд хэлцэл хийх замаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг буцааж авах хэрэгтэй" гэлээ. Мөн “Иргэн нэг банкинд л хувьцаа эзэмших хуультай. Гэтэл ХХБ-ны 93 хувь, Улаанбаатар банкны 99 хувийг Д.Эрэнэбилэг гэж хүн эзэмшиж байна. Тиймээс энэхүү хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэхийг Монголбанкинд даалгасан” гэдгийг дурдсан юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Арилжааны банкууд 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг. Өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл ХХБ-ны удирдлагууд төрийн өмчийг өөрийн болгох үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа Монголын өнгөт металын салбарыг эрхшээлдээ оруулах үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Эрчим хүчний салбарт ч хувийн хэвшлийн хяналт тогтоохоор ажиллаж байсан. Тухайлбал, сонгуулийн өмнө Багануурын цахилгаан станц, гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцийг авахаар санаархаж байсан” гэж байлаа.
Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ц.Нямдорж гишүүний хүү Анхбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-т 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэсэн мэдээлэл гараад байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 2004 онд нэг удаа, 2006 онд нэг удаа миний хүүхэд “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийсэн юм байна лээ. Ном журмынхаа дагуу гэрээгээ хийсэн. 2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нуугаад хаагаад байх зүйл байхгүй. С.Эрдэнэ гишүүнд баярлаж байна. Намайг энэ асуудлыг хөндөж эхэлснээс хойш Ц.Нямдорж шахаа хийх гэж байна, өөрийнхөө хүнийг “Эрдэнэт”-д томилуулах гэж байна гэсэн гүтгэлгийг гурван сар явуулж байгаа. Энэ мэдэгдлээрээ миний нэр төрийг цэвэрлэхэд их тус дэм боллоо гэж баярлаж байна. Тухайн үед болоод өнгөрсөн зүйл. Нэг удаагийх нь гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ.
-Ц.Нямдорж гишүүн ээ, та хүүхдээ “Эрдэнэт үйлдвэр”-т бараа нийлүүлэхэд нь дэмжсэн үү? Ямар нэгэн байдлаар оролцсон уу?
-Миний хүүхэд Эрдэнэт рүү хоёр удаа явахад би таньдаг хүндээ хэлсэн юм аа. Миний хүү нэг ийм юм яриад байна. Боломж байвал хууль, дүрмийн дагуу өөрт ч, өрөөлд ч халгүй туслахыг бодоорой гэж гуйсан юм. Тэрийг нуух зүйл байхгүй. Хүүхэд нь нэг ажил хийх гэж байхад хууль зөрчихөөргүй бол ганц үг хэлэх нь хүн ёсны хэрэг. Бултаад байгаа юм алга.
-Шүүхээс энэ гэрээг хууль зөрчсөн гэдгийг нь тогтоогоогүй байхад УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлж авах нь зүйтэй гээд гэм буруутайг нь тогтоочихож байгаа юм шиг дүгнэлт оруулж ирж байгаа нь хууль тогтоомжиндоо хэр нийцэж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: -Ажлын хэсгийн дүгнэлт бол 49 хувийг худалдахдаа хууль зөрчсөн байна гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Заавал шүүх тогтоох асуудал биш. Цагаан дээр хараар биччихсэн хуулийг зөрчөөд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Их хурлаар шийдвэрлэх ёстой юмыг шийдүүлээгүй. Засгийн газар хууль зөрчсөн тогтоол гаргасан бол өөрөө болон Их хурал хүчингүй болгодог Үндсэн хуулийн заалт байгаа. Энэ хүрээнд л ажиллах ёстой. Үүнд шүүх бус төрийн өөрийн оролцох асуудал.
-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ажлын хэсэг дээр эсрэг саналтай байсан юм байна. Албан бичигтээ 49 хувийг эргүүлээд авлаа гэхэд Засгийн газарт шууд шилжиж орж ирэх боломжгүй. Монгол Улс хохирно гэсэн зүйл ярьсан юм байна. Ажлын хэсэг үүнийг хууль эрхзүйн үүднээс хэрхэн анзаарсан бэ?
-Булааж авч байгаа асуудал байхгүй. Төрөөс ХХБ бусад компаниуд байршуулчихсан их хэмжээний мөнгө байгаа. Үүнийхээ оронд хэлцэл хийх замаар буцааж төрийн өмчлөлд ав гэдэг зүйл санал дүгнэлтэд орж байгаа. Б.Дэлгэрсайхан гишүүний тухайд тусгайлан санал өгсөн. Гэхдээ эсэргүүцсэн байдлаар биш. Нухацтай хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
-Засгийн газар эргүүлж авлаа гэхэд хөрөнгө мөнгөний хувьд хэр боломжтой юм бэ. Мөн наймаа буцах юм бол 100 сая доллар төгрөгийн торгууль төлөх заалт гэрээнд байгаа гэсэн. Энэ мөнгийг яаж төлөх юм бэ?
-Шийдвэр гарна. Их хурлаар яригдана. Хэрхэн яаж буцааж авах вэ гэдэг асуудал яригдана. Засгийн газар 49 хувьтайгаа учраа олох ёстой. Хууль зөрчсөн дүгнэлтийг гаргалаа. Хэзээ хийх нь Засгийн газрын мэдэх ажил. Тэр үеэр 100 сая доллар төгрөгийн асуудал яригдах байх.
Ц.Нямдорж: Гуравдагч этгээдэд худалдвал 100 сая доллар төлнө гэсэн заалт гэрээнд байгаа юм шиг байна лээ. Энэ бол гуравдагч этгээдэд шилжиж байгаа явдал биш. Засгийн газрын хууль бус шийдвэрийг УИХ хянаж байна. Хойд айлын талаас энэ асуудлаар нэг их юм ярихгүй байх.
Харин одоо "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авагч тал анх удаа хэвлэлийн бага хурал хийлээ.
Ажлын хэсгийн дүгнэлт харамсалтай нь нэг талын байр суурийг хэтэрхий барьсан гэж тэд үзэж байна. Хэрвээ тэдний энэ гэрээ хэлцлийг хууль бус гэж үзэж байгаа бол 49 хувь ОХУ-ын "Ростех" компанид буцна гэдгийг энэ үеэр хэлж байлаа. Хэрэв ингэвэл "Монгол зэс" компанийн "Ростех"-д төлсөн 400 сая ам.долларыг буцааж авах тал дээр тэд Монгол Улсын Засгийн газарт хандах юм байна. Үүгээр зогсохгүй гуравдагч этгээдэд худалдсантай холбоотойгоор торгуулийн 100 сая ам.долларыг ч Засгийн газраас гаргуулахаас өөр аргагүйд хүрнэ гэв. Мөн энэ хэлцэлтэй холбоотойгоор тус компаниас гарсан зардал ирээдүйд олж болох байсан орлого, уг худалдан авалтыг санхүүжүүлсэн хүүний төлбөрийг ч гэсэн Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж авах түвшинд хүрэх аж.
Хэвлэлийн хуралд "Монгол зэс" корпораци, Худалдаа хөгжлийн банк, “Эрдэнэт” үйлдвэр тус бүрээс төлөөллүүд оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Энэхүү хэвлэлийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ