Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч тал, ХХБ-наас хамтран мэдээлэл хийлээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч "Монгол зэс" корпораци болон Худалдаа хөгжлийн банкнаас хамтран мэдээлэл хийлээ. Тэд Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

"Монгол зэс" корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Ажлын хэсгийн дүгнэлт харамсалтай нь нэг талын байр суурийг хэтэрхий барьсан байна. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, өөрийн байр сууриа илэрхийлэх хүсэлтийг бичгээр дөрвөн ч удаа гаргасан боловч ганц удаа ч хариу, албан бичиг тайлбар өгөх боломж олгосонгүй. Бид компанийн зүгээс Ажлын хэсэгт бүх төрлийн мэдээллийг хүргүүлсэн. Мөн нэгдүгээр сарын 10-ны өдөр ажлын хэсэгт миний бие, Ганболд, Орхон бид гурав ажлын хэсгийн асуултанд хариулсан. Хариултыг маань ажлын хэсгийн дүгнэлтэнд тусгаагүй нэг талыг барьсан харамсаж байна.

Ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газрын гаргасан тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор манай компанитай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгох тухай асуудал гарлаа. Тэгвэл Монгол улсад хэзээ ч байгаагүй, одоо Монгол Улсын Засгийн газар 1993 оноос хойш эзэмшиж байгаа 51 хувийг. Хэрвээ бидний энэ гэрээ хэлцлийг хууль бус гэж үзэж байгаа бол 49 хувь ОХУ-ын "Ростех" компанид буцна.

Хоёрдугаарт, ОХУ-ын "Ростех" компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш юм шигээр Ажлын хэгсийн дүгнэлт гарсан байна. Гэтэл 2015.11.22-ны өдрийн УИХ-ын соёрхон баталсан тогтоол байдаг. Үүгээр "Ростех" компани ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг эзэмшиж байгааг хүлээн зөвшөөрөн баталсан байдаг.

Гуравдугаарт, ОХУ-ын "Ростех" компанид 49 хувийг буцаахтай холбогдвол манай компанийн "Ростех"-д төлсөн 400 сая ам.долларыг буцааж авах тал дээр бид Монгол Улсын Засгийн газарт хандана. Үүгээр зогсохгүй гуравдагч этгээдэд худалдсантай холбоотойгоор торгуулийн 100 сая ам.долларыг ч Засгийн газраас гаргуулахаас өөр аргагүйд хүрнэ. Мөн энэ хэлцэлтэй холбоотойгоор манай компаниас гарсан зардал ирээдүйд олж болох байсан орлого, уг худалдан авалтыг санхүүжүүлсэн хүүний төлбөрийг ч гэсэн Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж авах ийм түвшинд хүрч байна гэдэг ойлголт авч байна" гэв.

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ "Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байна. Монголбанкнаас тавигддаг шалгууруудаа бид хангасан. Гэтэл ажлын хэсэг арилжааны банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй юм. Үйл ажиллагааг нь Монголбанк, эсвэл олон улсын аудитын компани үзэж байж дүгнэдэг. Монголбанкны шалгалтаар ч тэр, Олон улсын байгууллагын шалгалтаар ч тэр ХХБ хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний цаана ХХБ-ны байр суурийг ганхуулах, нэр хүндийг нь гутаах гэсэн давхар санаа яваад байна уу даа гэж бодогдож байна.

Бас нэг баримт нь өнгөрсөн долоо хоногт бид олон улсын санхүүгийн зах зээл дээр босгосон дөрөв дэх бондоо хүүгийн хамт /115 сая ам.доллар/ төлж дуусгасан. Энэ бол төлбөрийн чадвар хэвийн байгаагийн нотолгоо. Энэ гэрээ хэлэлцээг ОХУ-аас Английн номер нэг хуулийн фирмээр хариуцан хийлгэсэн. Манай Монголын тал харин АНУ-ын хуулийн номер нэг компаниар шалгуулсан. Ингэхээр энэ гэрээ хууль бус гэж үзвэл ОХУ-ын Засгийн газар, "Ростех" гээд компаниудын ажил бүгд буруудаад явчих уу. Өнөөдөр Монголоос хэн ч хохироогүй.

Энэ 49 хувь бол ОХУ-ын талд байсан хувьцаа. Эсвэл 51 хувьд тавих нь хяналт сайжраад ирэхээр шахааны бизнес хийдэг улс хохирох гээд байгаа юм болов уу гэх эргэлзээтэй асуудал гарч байна. Хэрэв бид гурав дахь этгээдэд шилжүүлэх юм бол буцаагаад дээрээс нь 100 сая долларыг нэмж төлнө, буцаад орос технологид өгсөн 400 сая дээр нэмээд 100 сая ам.долларын торгууль төлнө.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байнга нэг талыг барьсан өрөөсгөл дайралт хийж байгаа нь хувийн ашиг сонирхол байна гэж харахаар сонирхол татаж байна." гэсэн юм. Мөн тэрээр удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль, Төрийн банкны хувьчлал болох гэж байгаа учраас УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг өөрийнхөө талын хүмүүст авч өгөх гээд байдаг юм болов уу гэсэн хардлага байгааг дурдлаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон "“Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд хууль зөрчсөн, гэрээ зөрчсөн асуудал байхгүй. “Худалдаа хөгжлийн банк”-ны нийт актив хөрөнгө 6.6 их наяд, олгосон зээл 3 их наяд гаруй төгрөг бий. Ерөнхий дүнгийн хувьд ийм боловч аж ахуйн нэгжээс гадна Засгийн газартай хамтарч олон төслийг санхүүжүүлж байсан.

“МИАТ” компанийн онгоцыг хүртэл санхүүжүүлж, “Монголын төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой”-н төсөл болон хувийн хэвшлийн хувьцаа худалдан авах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. Энэ бүхэн Олон улсын банкны тухай хуулиар олгогдсон эрх, зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа. 400 сая ам.долларыг ганцхан магадлангаар олгосон мэтээр мэдээлж байна. Зээлийг олгохдоо бид хувьцааны худалдан авалт санхүүжүүлэх зарчмаа санхүүжүүлдэг. Зарим нь худалдан авалтад зоиулан амжилттай төлөгдөж яваа зээл.

Банк бол Монгол Улсын хуулийн дагуу санхүүгийн үндсэн үүргээ гүйцэтгэж ажилласан. Бид мөнгө угаасан ямар нэгэн хууль зөрчсөн асуудал үүсгээгүй. Монголбанк жилд банкны үйл ажиллагааг хоёр удаа шалгаж, хяналт тавьдаг. УИХ-ын ажлын хэсэг банкыг хянахгүй. Хууль ёсны хяналтыг Төв банк тавьдаг. Харилцагчдийн хүсэлтийн дагуу бид энэ зээлийг гарагж өгсөн нь нуугаад байх зүйл биш. Хуулиар олгогдсон нэг зээлдэгчийн хязгаар дотор энэ зээлийг авсан. Цаашид энэ зээлийг яаж ашигласан нь ч хуулиар зөвшөөрөгдсөн. Гол нь банк эрсдэлгүй байдал, эргэн төлөлт зэрэг дээр мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргах хуулийн эрхтэй. Эргээд өнөөдөр төлөгдөх зээлүүд нь төлөгдөөд 88 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй болсон байна." гэж ярилаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд "Сонгуулийн үеэр "Эрдэнэт"-ийн хувьчлалтай холбоотой мэдээг нөгөө тал маань ашиглаж, тодорхой тойрогт тодорхой хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж, сонгуульд ашигласан гэж үзэх үндэслэлтэй. Хэдхэн сарын дараа дахиад сонгуульд оролцох гэж байгаа энэ босгон дээр бүлгүүд асуудлыг дахин дэвэргэн ярьж байгаа нь ойлгомжтой. Энэ хугацаанд "Монгол зэс" корпораци үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

-Хувьчалалын ид явцад асуудлыг Оросын Засгийн газарт ид яригдаж байхад гадаадын 4-5 компани өрсөлдөж байсан болохоос "Монгол зэс" корпораци дангаараа байсан юм биш. ОХУ, Монгол улс хоёр олон жилийн нөхөрсөг харилцааны үр дүнд Оросын талаас бидэнд найр тавьсныг үгүйсгэхгүй. Үүнд дургүйцсэн гадаадын компаниуд ямар нэгэн байдлаар энэ наймааг буцааж, Монголын талыг буруутай этгээд болгон өөртөө ашигтай болгохоор бодож буйг үгүйсгэхгүй. Онолын хувьд ийм зүйл байдгийг өөр олон хувьчлалаас харж болно.

-Өнгөрсөн жилүүдэд том даргын нэр барьж ороод ямар нэгэн компанийн бараа шахдаг байсан нь хазаарлагдаж байсан. Ямар ч бараа шахсан байсан 20-30 хувийн ашиг олдог гэдгийг бид мэднэ. Гэтэл 15 дахин нугалж өгдөг бизнес байж болохгүй. Ийм бизнес асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дургүйцэж байгаа хүмүүс, сонгуульд ялсан хэргээ гаргаж чадахгүй байгаа хүмүүс, үүнээсээ болж санхүү нь шатаж байгаа хувь хүн, албан байгууллага байхыг үгүйсгэхгүй. Ийм хүмүүс илрэхий ийм бүтэхгүй дүгнэлтүүд гаргаж байгаа нь харагдаж банйа.

-Ажлын хэсэгт ямар ч гишүүн орсон хууль зөрчсөн эсэхийг тэд тогтоодог юм биш, магадлалтай гэж ярьж болно. Монгол улс хуультай. Юу гэж ч хүнийг хараасан, зодолдсон, хэрэлдсэн ч хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй газар бол УИХ гэдгийг та бүхэн мэднэ. Гомдолгүй, хохиролгүй, хохирогчгүй байхад улс төрчдийн амнаас л үүнийг эсэргүүцсэн үг гарч байгааг сонгуультай холбож тайлбарлаж болохоор байна.

Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авагчдын талаас анх удаа хэвлэлийн хурал хийж, байр сууриа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ