Хэнтийн хан уулын нэрийг өөрчлөхийг 100 хувь дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 100 хувийн саналаар “Тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтийн хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх асуудал энэхүү тогтоолын хүрээнд орж иржээ. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт415012 га талбайг эзлэн оршдог. Өөрөөр хэлбэл, Хэнтийн хаан уулыг бүхэлд нь нэрийг өөрчлөх тухай асуудал биш, зөвхөн өндөрлөг хэсэг нь хамаарах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан бөгөөд ЮНЕСКО-гоос Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Эдгээр асуудалтай холбоотойгооруугуул нэрийг нь сэргээх асуудлыг Засгийн газраас мэдүүлсэн нь энэ аж.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ