Хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 47 нь буюу 83.9 хувь нь дэмжив. Мөн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэгийн хуульд заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, редакцийн шинжтэй зарим засвар хийсний зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Ингээд Байнгын хорооны саналаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон Арбитрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ