Ж.Батзандан: Бид дарамтаас айдаг, хулчийдаг, нэрээ татдаг хүмүүс биш

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр С.Зориг агсны алдар хүнд, гавъяаг мөнхжүүлэх тухай тогтоолын төсөл өргөн барих талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсний дараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр “Ажлын хэсэг хоёр сар гаруйн хугацаанд 10 орчим мянган хуудас материалтай танилцаж, шалгасан. УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. УИХ дангаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн. Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шалгалаа. Нийтдээ “Монголын зэс корпораци” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая ам.долларыг шилжүүлсэн байна.Энэ мөнгийг яаж босгосон бэ гэдэг асуудлыг судлан үзэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжиж, уг компаниуддаа Худалдаа хөгжлийн банк зээл олгох замаар Худалдаа хөгжлийн банк “Монголын зэс корпораци”-ийг санхүүжүүлсэн байна. Энэ зээлийг Монголбанкнаас авсан байна. Энэ бол хууль бус үйлдэл юм” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Оросоос шилжүүлэн Монгол компани дээрх хувьцааг худалдан авсан үйл ажиллагааг бүхэлд нь шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд нийт долоон гишүүнээс зургаа нь санал нэгдэж гарын үсэг зурсны нэг нь Ж.Батзандан гишүүн юм.

Ингээд түүнээс зарим асуултад хариулт авсан юм.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч талаас мэдээлэл хийсэн. Тэд хэрэв худалдан авалтыг хууль бус гэвэл Оросод 49 хувиа буцаах болно. Мөн бүх зардлыг Засгийн газар төлөх болно гэж мэдэгдсэн. Энэ талаар?

-Хулгайн бүлэглэл иргэдийг, төрийг айлгахын тулд худал, үнэн олон зүйл ярьж байгаа. Газрын хэвлийн баялаг бол монголын ард түмний өмч, баялаг. Хоёр улсын хооронд байгуулсан олон улсын гэрээ хэвээрээ байгаа. Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзаагүй байгаа гэдгийг дуулгая. Энэ эрхээсээ татгалзахын тулд заавал УИХ-аар хэлэлцэх ёстой, УИХ хэлэлцээгүй.

-Арилжааны банкуудыг зөвхөн Монголбанк хянан шалгах эрхтэй гэж тэд бас мэдээллийнхээ үеэр хэлж байсан. Тэгэхээр энэ шалгалт хууль, тогтоол зөрчсөн үү?

-УИХ бол улс төр, эдийн засаг, нийгмийн бүх асуудлаар хяналт шалгалт хийх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй байгууллага. Бүх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргах, шаардлагатай гэвэл Ерөнхийлөгчийг ч огцруулах эрхтэй, Монголбанктай ч хариуцлага ярих эрхтэй төрийн эрх барих дээд байгууллага юм.

-Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа төрд 100 хувь очих нь зөв үү? Ц.Нямдоржийн хүүгийн 2,5 тэрбум төгрөгийн шахааны жишээ байна. Ер нь Эрдэнэтийн шахааны асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хулгайчид Ц.Нямдоржийн хүүгийн гаргасан жижиг алдаан дээр дөрөөлж хулгайгаа нуух гэж, цэвэрлэх гэж, луйвраа хамгаалах гэж оролдож байгаа юм. Н.Анхбаяр гэдэг хүний тухай сонссон. ТЕГ-ын дарга тэр бичгийг аваад ордноор явсан. Тийм жижиг юманд Ц.Нямдорж гэдэг хүн дарамтлуулахгүй. АН-ын дотоод сунгаанд ч гэсэн хууль хяналтынхан оролцох гэж хичээж байгаа. Ж.Батзанданг АН-ын дарга болгохгүйн тулд, Н.Алтанхуягийг АН-ын дарга болгохгүйн тулд тагнуул, хууль хяналтын байгууллага өдөр болгон дарамталж байгаа. Бид тийм дарамтаас айдаг, хулчийдаг, нэрээ татдаг хүмүүс биш гэдгээ бас дуулгая.

Мөн тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Монголросцветмет”-ийн 49 хувийгхудалдан авах процесс хууль бус болсон гэж дүгнэж байгаа. Засгийн газар өөрөө худалдан авах боломжтой байсан ч 27 настай хүүхдэд ХХБ нэртэй бүлэглэлд хууль бусаар шилжүүлсэн гэж дүгнэлтэд үзэж байгаа. Худалдаж авсан санхүүгийн эх үүсвэр нь татвар төлөгчдийн мөнгө, бондын мөнгө байна гэж бид харж байгаа. Үүний цаана их хэмжээний мөнгө угаалт, гэмт хэрэг нуугдаж байна гэж харж байна. Энийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. УИХ-аар оруулаад эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа.” гэсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ