АН: VII их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодорхой болгоно

Ардчилсан нам VI их хурлаараа нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийнхээ эхлэл түүхэн шийдвэрийг гаргаж, намын даргаа бүх гишүүдийн саналаар сунгаагаар тодруулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэхүү сонгуульд Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан саналын эрхтэй 120,703 гишүүдийн 85,939 нь санал өгч ирц 71,2 хувьтайгаар дүнг гаргажээ.

Нэр дэвшигчид нийт 8350 онооноос хамгийн их оноог цуглуулахын төлөө өрсөлдөж нийлбэр дүнгээр

  • Н.Алтанхуяг - 2033,08
  • Ж.Батзандан - 1110,77
  • Л.Гантөмөр - 1417,83
  • С.Эрдэнэ- 2928,92
  • Д.Эрдэнэбат - 857,22 оноог тус тус авсан байна.

Ингэснээр нэр дэвшигч С.Эрдэнэ намын гишүүдийн итгэлийг хүлээж намын дарга болох болзлыг хангаж байгаа бөгөөд энэ талаар Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар "УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын даргаар сонгогдлоо. Монгол Улсын төрийн түүхэнд намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулж, сонгуулийн нэгдсэн дүнг онооны системээр тооцсон нь Монголын улстөрд шинэ жишиг тогтоосон, шинэлэг зүйл боллоо" гэв.

АН-ын дарга З.Энхболд "АН-ын даргын сонгуульд түүхэнд анх удаагаа улс төрийн шийдэл хийлээ. АН фракциудад дарлуулсан нам байсан. Намын даргын сонгууль хийснээр даргаа гишүүд нь сонгодог болсон. Тиймээс хуучин системээр сонгогдсон сүүлчийн АН-ын дарга бол би. Өнөөдрөөс эхлээд С.Эрдэнэ АН-ын цаашдын шинэчлэлийг гүнзгийрүүлэн хийж, ирэх сонгуулиудад намаа ялалт байгуулах үүрэг хүлээж байна." гэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Сонгуулийн дараа ялагдлын байдалтай байсан АН намын даргын сонгуулиар хөл дээрээ бослоо. Цаашид улс төрийн идэвхитэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн болсон гэж бодож байна. Таван нэр дэвшигчийг таван тийшээ салж явна гэж харах хүмүүс олон байсан ч бид намын шинэчлэлийн төлөө хамтдаа байж, хэн ч ялсан нэгийгээ дэмжээд хамтраад ажиллана гэдгийг сунгаа эхлэхээс өмнө тохирсон байсан. Энэ дагуу ажиллаад ирлээ. Миний хувьд юуны түрүүнд намын эв нэгдлийг хангаж, намын үзэл баримтлалыг яаралтай шинэчлэх, бүтцийн шинэчлэлүүдээс намын даргын ажлаа эхлүүлнэ. Бидний өмнө маш их хариуцлага байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, хоёрдугаар сарын 12-нд АН VII их хурал хийх гээд олон ажлууд хүлээж байна." гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН 180 мянган идэвхитэй гишүүнтэй гэдгээрээ бахархаж байна. Энэ удаагийн сонгуульд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгуулсан байна. Тиймээс ялалт байгуулсан нэр дэвшигчээ дэмжиж ажиллана. Энэ удаагийн дотоод сунгаанд ялалт байгуулсан С.Эрдэнийг нөхрийн хувьд намын эв нэгдлийг хангаж, улс эх орныхоо эв нэгдлийн төлөө хамтран зүтгэнэ. Намын гишүүддээ амласан бүх шинэчлэлүүдээ ажил хэрэг болгох ажлыг хэрэгжүүлнэ, чадна гэдэгт итгэлтэй байна." гэлээ.

Энэ удаагийн сонгуульд нийслэлийн 9 дүүргээс Багахангай хамгийн өндөр буюу 91,62%, 21 аймгаас Говьсүмбэр аймаг 82,87% ирцтэй оролцжээ.

Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг Намын даргын сонгуулийн хорооны 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан байна.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сонгууль зохион байгуулах явцад тодорхой зөрчлүүд гарсан. Энэ зөрчлүүдийг ямар журмаар зохицуулах вэ?

-Сонгууль зохион байгуулах хугацаанд мэр сэр гомдол саналууд сонгуулийн салбар хороонд ирсэн. Үүнийг шат шатны сонгуулийн хороод шийдээд явж байгаа. Намын даргын сонгуулийн хороонд гомдол, хүсэлт ирсэн. Намын даргын сонгуулийн дүрэм хяналтын дэд хороо ирсэн гомдол бүрт зохих дүгнэлтийг гаргаж өгөөд явсан.

-Маш олон гишүүд саналаа өгч чадаагүй гэсэн мэдээлэл байсан?

-12 дугаар сарын 21-нд таван нэр дэвшигчидтэй уулзсан. Анхан дунд шатны намууд шинэ хүн бүртгэж авахгүй байна, тиймээс бүртгэлийг нээж өгөөч гэсэн хүсэлт тавьсан учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороо бүртгүүлээгүй тохиолдолд төв нам дээр ирж бүртгүүлж болно гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл төв нам дээр бүртгүүлсэн 16 мянга орчим гишүүдийг бөөнөөр бүртгэх явдал гарсан учраас бүгдийг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан. Өнөөдрөөс эхлээд энэ 16 мянган гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана. Тодорхой нэр бүхий гишүүдийг санал өгүүлээгүй гэсэн мэдээлэл явж байсан. УИХ-ын гишүүн байсан ч, дарга байсан ч анхан шатны байгууллага дээрээ бүртгүүлэх, өөрийн биеэр ирээгүй учраас саналаа өгч чадаагүй тохиолдол гарсан.

-Намын даргаар С.Эрдэнэ сонгогдвол З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн тохироо хийгдсэн мэдээлэл яваад байна?

-Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Би 2020 он хүртэл ямар нэг албан тушаал хашихгүй, 2020 онд УИХ-ын сонгуульд оролцоно. Намын энэ хүнд ажлаас хурдан өгөөд, жирийн хүн шиг амармаар байна. Намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын сонгуулийн маргааш өгсөн. Долдугаар хурлаар намын даргаас албан ёсоор чөлөөлөгдөнө.

-Нэр дэвшигч Ж.Батзандангаас бусад нь яагаад ирсэнгүй вэ? Энэ нь С.Эрдэнийг дэмжихгүй гэсэн эсэргүүцлийн нэг хэлбэр мөн үү?

С.Эрдэнэ:

-Эв нэгдлийг үг, үйлдэл гээд олон зүйлээр илэрхийлж болно. Нэг үйлдлээс болж эв нэгдэлгүй байна гэж харах нь өрөөсгөл ойлголт. Өнөөдөр бид тавуулаа хамт явж, нэг зарчим барьж ажилласан. Хэн нэг нь ялсан ч бусад нэр дэвшигчид нь дэмжиж ажиллана гэсэн. Эсэргүүцсэн бус хүндэтгэх шалтгаантай байсан учраас өнөөдөр ирээгүй байх гэж бодож байна.

-С.Эрдэнэ намын дарга болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ зарлаж болох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би тодруулахгүй. VII их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодорхой болгоно. Миний хувьд сунгаагаар Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг сонгох нь зүйтэй гэж бодож байна.

-АН-ын шинэ дарга АН-ыг фракцигүй нам болгож чадах уу?

-АН-ын даргын сонгуулийн гол зорилго нь намын эв нэгдлийг бий болгох. Намыг шинэчлэлийн хамгийн том зорилго буюу нам дотроо ямар нэг фракцгүй байх зорилго байсан. Нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй. Энэ нам энэ цаг мөчөөс эхлэн фракци давамгайлсан үйл ажиллагаа явахгүй гэдгийг хариуцлагатай хэлж байна.

-Намын даргын хувьд намын ерөнхий нарийн бичгийн даргаар ямар хүнийг томилох вэ?

-Дөнгөж сонгуулийн дүн гарсан учраас томилгоог яаран сандран хийх нь зохимжгүй гэж бодож байгаа. Намын генсек бол гал тогоог удирдах хүн учраас зөв хүн олж тавихын төлөө ажиллана.

-АН-ын бүлгийн дарга Ж.Батзандан болох уу?

-40 хоногийн турш гишүүдээс намын эв нэгдлийг хангаж, ардчиллын төлөө яваарай гэсэн. Энэ утгаараа ялагчаа хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаа илэрхийлж хэвлэлийн хуралд оролцож байна. Өнөөдөр би УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байгаа. Ямар нэг албан тушаалд очих гэж энд ирсэн зүйл биш.

-С.Эрдэнэ гишүүнийг мөнгө тараасан гэсэн бичлэг явж байсан. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

С.Эрдэнэ:

-Мөнгө тараасан нэг ширхэг ч үйлдэл байхгүй. Хэрэв мөнгө тараасан үйлдэл байдаг юм бол би намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад бий. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулалттайгаар энэ үйлдлийг хийсэн гэж бодож байна. Үүнийг сонгуулийн хороо ялгаж байгаа байх гэж бодож байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ