Чуулган: Татварын хөнгөлөлт төрөөс үзүүлж байхад машины үнээ буулгахгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “хос тэжээлт автомашин”, “шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин”, “цахилгаан тэжээлт автомашин”-д хөдөлгүүрийн багтаамж,үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татвар ногдуулах эрхзүйн орчин бүрдсэн.

Онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинуудад хуулийн дагуу 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлттэй байгаа хос тэжээлт буюу “Приус” автомашины хэрэглэгч, борлуулагчийн нуруун дээр эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслүүдийг боловсруулаад байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн хуулийн төслийг өргөн барьсан. Татварын хөнгөлөлт үзүүлж байгаад баярлаж байна. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Татварын хөнгөлөлт төрөөс үзүүлж байхад машины үнээ буулгахгүй байна. Үүнд хэн хяналт тавих вэ"

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Онцгой албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад Засгийн газраас өргөн барьсан. Хяналт тавиад явах байгууллагууд нь байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээж байгаа. Энэ хүрээнд приус машины татварын асуудал хөндөгдсөн"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ