Ерөнхий сайд АН-ын бүлгийн шаардлагад хариу өгчээ


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд даргаЖ.Батзандан бүлгийн шийдвэрээ танилцуулав.
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж, тэд татгалзаж байгаа эсэхийг тодруулах, мөн 2017 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар УИХ-д мэдээлэл хийхийг АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаарджээ.Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "ОУВС-ийн ажлын хэсэг саяхан ирж ажиллаад хөтөлбөр ажилттай хэрэгжиж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгааг, хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн эерэг үр дүн гарч байна гэж дүгнэсэн. Хүүхдийн мөнгө олголт дээр ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоёрын дунд ямар нэгэн зөрчил, ойлголтын зөрүү байхгүйг, эдийн засгийн өсөлт, давсан орлогоороо ямар санхүүжилт хийх нь Засгийн газрын бүрэн эрх гэдгийг ОУВС-гийхан маш сайн ойлгож байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар хангаж байгаа бөгөөд шаардлагатай бол салбарын сайд нар АН-ын бүлэгт мэдээлэл өгөхөд бэлэн" гэлээ.
Хэрвээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох гэж байгаа бол заавал төсөвт тодотгол хийх ёстой, та бүхэн өмнөх Засгийн газруудын алдааг давтаж болохгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэмж хэлэхэд хариуд:
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та бүхний шаардлагыг Засгийн газар алдаа гаргачих вий гэсэн болгоомжлол гэж ойлгож, хүндэтгэж байна. Засгийн газарт хууль зөрчих, цаг алдах эрх байхгүй. Ялангуяа та бүхний шаардлагад дурдсанчлан өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй энэ цаг үед биднээс илүү эрчтэй ажиллахыг шаардаж байна” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ