30 хоног ба "Ерөнхийлөгч ч бас сийрэг л хүн"

Монгол Улс парламентийн засаглалтай. Гэвч үе үеийн ерөнхийлөгчид хүчтэй хүмүүс байж ирсэнийг түүх гэрчилнэ. Ялангуяа Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж гээд сүүлийн 10 гаруй жил “Ерөнхийлөгчийн инстүц” –ийн оргил үеүүд байлаа.Тэдний үйл хэргийг алдаатай оноотой нь түүхийн хуудас гэрчлэх бизээ. Харин одоо бол Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн цаг эхэлчихээд байна. Хоёр ч удаа , намынх нь сунгааг оруулвал гурван ч сонгууль дамжиж гарч ирсэн 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлээд сар болж байна. Тэрээр тулалдаанд үлддэг “Шонхор”-уудын манлайлагч З.Энхболдын хууль эрх зүй ,төрт ёсны мэдлэгт нь суурилж ЕТГ-ын даргаараа сонгосон бол , зүг чигийг заагч “Алтангадас”-ын Н.Алтанхуягийг хүмүүстэй ойлголцдог, эе эвийг олдог хэмээн харж , Улс төрийн бодлогын зөвлөхөөрөө сонгосон бололтой. Энэ хоёр эрхэм үнэндээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд засаглалын тэргүүнүүд байсан туршлагатай л хүмүүс. “АСА “ Д.Дагвадоржийн сийрэг ухаан, хурдан ойлгох чадвар,ажил хэрэгч байдлыг ч анзаарч амжжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт анхны ярилцлага өгөх үеээрээ Монголынхоо дэмжсэн дэмжээгүй нийт ард түмнээ түшиж ажиллахаа дуулгаад, ард түмний дэмжлэгийг авч ажиллана гэдгээ ч илэрхийллээ. Тэрээр баялагийг тэгш бусаар эрх мэдлээ ашиглан хүртэгч 30 гэр бүл ,Уул уурхайн компанитай улс төрчдөөс нүүрээ буруулна гэдгээ ч дуулгаж амжив. Мэдээж Ерөнхийлөгчийн холын төлөвлөлттэй ажлын эхлэлд 30 хоног чамлалттай хугацаа. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдод хандаж 49 хоногийн дотор гадаадад байгаа мөнгөө монголдоо оруулж ирэх уриалга гаргаж, төрийн эрхийг хууль бусаар авсан байж болох 60 тэрбум,90 минутын бичлэгийн асуудлаар АТГ, Шүүх, Прокурорын нөхдүүдтэй уулзаж, Хөдөлмөрийн Баатар, Гавьяат гээд шагналын хур ч буулгаад амжжээ. Түүнийг МАН-ын зарим хэсэгт дэмжлэг үзүүлэх замаар одоо байгаа гол хүчинд нь цохилт өгөхөөр бэлтгэж байна хэмээн МАН-ын шинэчлэлтэй холбож зарим хэвлэлүүд таамаглажбайна. Ямар ч атугай тэрээр Ерөнхийлөгчийн засаглалруу явахгүй, хоёр хөрштэйгээ улс төрийн уриа лоозонгийн шинж чанартай бус эдийн засгийн харилцан ашигтай үр дүнтэй хамтын ажиллагааг чухалчилна хэмээн ярьж байна. Мэдээж улс орон даяар анхаарал татаж байгаа “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт түүний хувьд айдас биш юмаа гэхэд болгоомжилж байгаа асуудал мөнөөс мөн.

Энэ тухай тэр хэлэхдээ төрийн эрхийг хууль бус аргаар худалдаж авсан байж болох энэ удаагийн Их хуралд “Үндсэн хууль”-ийг өөрчлөх эрх байхгүйгэсэн юм. Ерөнхийлөгчийн ажлын гарааг сайшаах хүмүүс олон байгаа ч, биелэхгүй “популист” амлалтууд хийж, ард түмэнд таалагдахын төлөө ажиллаж эхэллээ гэж харах хэсэг ч байгаа юм. Ямар ч атугай С.Баяраас эхлээд нүүрэн дээрээ бууж өгч байгаа мэт жижиг сажиг үйлдлүүд анзаарагдаж байна. Гэвч манай улс төрчид “хор” найруулж сурснаараа “Ази”-даа лав алийг нь ч дагуулахгүй. Ерөнхийлөгч ч бас "сийрэг" л хүн.

Т.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ