Ц.Нямдоржийг Чапи дуурайхыг л эвлүүлэг гэдэг юм

МАН-ын удирдлагууд төрийн өндөр албан тушаалыг наймаалах замаар 60 тэрбум төгрөг босгох гэж буй тухай бичлэг нийтэд цацагдаж, өнөөг хүртэл хэрүүл маргааны гол сэдэв болсоор ирсэн. Хэдийгээр хууль хяналтын байгууллагаас энэ бичлэгийг эвлүүлэг гэж тогтоосон ч олон ниитийн итгэл үнэмшил өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байна.

Харин өчигдөр уг бичлэгт дуу хоолой нь үлдсэн гэх МАН-ын гишүүн А.Ганбаатар өөрийн биеэр мэдэгдэл хийсэн бол , орой нь 25-р суваг телевизийн тодруулгаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж оролцох үеэрээ 60 тэрбумын бичлэг эвлүүлэг бишээ гэж ярьсан юм.

А.Ганбаатар “Би МАН-ын гишүүн. Одоо Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил гаруй хугацаанд АТГ болон цагдаа гээд хууль хяналтын байгууллагаар шалгууллаа. Мөн би хэвлэлд огт хандалгүй өнөөг хүрсэн. Яагаад энэ талаар тайлбар хийлгүй өнөөг хүрсэн маань ч тодорхой шалтгаантай. Учир нь хуулийн байгууллагаас хэргийг шалгаж байхад ямар нэг байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбар хийж болохгүй байсан юм.

Гэхдээ өнөөдөр би энэ асуудлын талаарх бодит үнэнийг олон нийтэд мэдэгдэхээр шийдсэн минь энэ. Уг бичлэгийг анх дэлгэсэн иргэн Г.Доржзодов бол 60 тэрбумын санхүүжилт босгох төлөвлөгөөг гардан зохиосон хүн. Энэ хүн бидэнд энэ схемээ танилцуулж байсан нь үнэн. Энэ уулзалт миний өөрийн хувийн компани болох “Шинэ Монгол хаад” группийн байрны дөрөвдүгээр давхрын уулзалтын өрөөнд болсон. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны төлөвлөгөөг Г.Доржзодовын схемтэй хамтатган ярилцсан нь ч үнэн.

УУЛЗАЛТАД ОГТ БАЙГААГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУУ ХООЛОЙГ ЭВЛҮҮЛЭН ОРУУЛСАН

Гэхдээ бичлэг дээр яг уулзалтад байсан хүмүүсийн яриа байгаагүй. Харин хаа хамаагүй, уулзалтад огт байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэн оруулсан байсан. Гол нь энэ танилцуулга уулзалтаар ерөнхийдөө нийслэлийн МАН-ын хороо 2016 оны сонгуульд хэрхэн бэлтгэх, үйл ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийт рүү хандсан үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцсан. Энэ ярилцлагын үеэр л иргэн Г.Доржзодов өөрийн гаргасан, хөрөнгө мөнгө босгох санхүүгийн схемээ танилцуулсан юм.

Уулзалтад нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов болон миний бие байсан. Гэтэл энэ уулзалтын талаарх жинхэнэ үнэнийг Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар яагаад ярихгүй байгаа нь хачирхалтай санагдаж байна.

Хамгийн гол нь, Г.Доржзодов гардан хийсэн схемээ өөрөө биш биднийг хийсэн мэтээр ярьж, ойлгуулж байна. Бид олон удаагийн уулзалт зохиож байсан. Тэр бүгдэд иргэн Г.Доржзодов хамт байдаг байсан. Гэтэл тэдгээр уулзалтын бичлэгүүдээс хэсэгчилж, эвлүүлж, тараасан байна.

Энд нэг зүйлийг онцлоход, дээр дурдсан уулзалтаас 10 хоногийн дараа Г.Доржзодов бүр нарийвчилсан, тодорхой төлөвлөгөө танилцуулсан. Энэ үед тоглоом болгоод ярьсан зүйл бий. Тухайн өдөр Г.Доржзодов бид хоёроос өөр хүн байгаагүй. Гэтэл тэр яриаг хэсэгчилж, эвлүүлсэн байна лээ.

Хамгийн гол нь Г.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн бүр буруудаж байгаа юм байна. Хэрэв тийм бол тухайн өдөр хамт сонссон Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч буруудах байх. Гэтэл эд өнөөдөр энэ асуудлыг огт дуулаагүй мэтээр ярьж, бичлэгт нэр дурдагдсан хүмүүсийг намын нэр хүндэд халдлаа гэж байгаа нь сонин.

Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий. Гэхдээ хуулийн байгууллагаар шалгаж байгаа учраас зарим асуудлыг ярих боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж, хэн нь үнэн ярьсан, хэн нь үйлдэл хийснийг тогтоосны дараа би тодорхой баримт материалуудыг олон нийтэд дэлгэнэ” гэв

Ц.Нямдорж: Г.Сандуй М.Энхболд хоёрын яриаг эвлүүлэг гэдэггүй юм

Өчигдөр орой 25-р суваг телевизийн тодруулгаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж оролцох үеэрээ 60 тэрбумын бичлэг эвлүүлэг бишээ, Г.Сандуй М.Энхболд хоёрын яриаг эвлүүлэг гэдэггүй юм. Эвлүүлэг гэдэг бол Ц.Нямдоржийг Чапи дуурайхыг хэлдэг юм хэмээн ярив.Тэрээр би М.Энхболдыг уучлалт гуйчих боловуу гэсэн чинь улаам цайм Ц.Сандуйгаа өмөөрөөд суугаад байхаар тэсэлгүй хурлаа орхиод гараад явсан нь үнэн.Одоо Ц.Сандуйг намаас хөөх хэрэгтэй. Урьд нь ч би хэлж байсан. Гурван хүний л асуудал байгаа юм.Хариуцлага тооцох л ёстой шүү дээ. Би урьд нь тэр бичлэгийг сайн хараагүй байсан. Өчигдөрхөн анзаарч сайн үзсэн чинь маш ноцтой зүйлүүд яригдсан байналээ. Одоо тэгээд намаа шинэчлэе гэхээр энэ У.Хүрэлсүхийг яаж баалж байна.Тэр Баатар гээд нөхөртэй ярьсан зүйлд нь сүртэй юм алга л байна лээ ш дээ. Ер нь хүнийг тагнаж чагнадаг асуудал хэрээс хэтэрлээ шүү .Бид 2020 оны сонгуульд хэнээр удирдуулж орохоо одоо шийднэ. Угсаа залгамжлах байдлаар бол энэ нам өндийхгүй шүү дээ гэв.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ