Засгийн газрыг огцруулахаар зэхжээ

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн "25-р суваг" телевизэд өчигдөр өгсөн ярилцлага олон хүний анхаарлыг татаад байна.

Тэрээр улстөрийн дуулиант "60 тэрбум"-ийн бичлэгийг эвлүүлэг биш жинхэнэ бодит болсон яриа гэдгийг баталж, одоогийн МАН-ын Удирдах Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Засгийн газрыг ч огцрох ёстой гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

МАН доторх хөдөлгөөн эхнээсээ тус намын залуучуудаар эхэлж байсан одоо ийнхүү ахмад лидерүүд нь өөрсдийн байр сууриа нээлттэй илэрхийлж эхэллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахад гарын үсэг цуглуулж байгаа мэдээлэл гараад удаагүй байгаа. Гэхдээ хэн хэн энэ бичигт гарын үсэг зурсан нь нууц хэвээр байгаа юм. Баттай эх сурвалжийн мэдээллээр, Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн албан ёсоор гарын үсгээ зурсан аж.

Харин үүн дээр долоон гишүүн аман байдлаар Засгийн газрыг огцруулахыг дэмжээд буй нь 65 гишүүний 30 гаруй нь ЗГ-ыг огцруулахад санал нэгджээ. Харин УИХ дахь АН-ын гишүүдээс дэмжвэл Засгийн газрыг огцруулах нөхцөл бүрдээд байгаа юм.

Эх сурвалж нэмж хэлэхдээ, ирэх Даваа гараг буюу энэ сарын 21-нд эдгээр гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ