Д.Амарбаясгалан: Ёс зүйгүй Ц.Сандуй огцрох ёстой

60 тэрбумын гэх бичлэгийн асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан "Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай шаардлагагүй гэсэн шийдвэр гараагүй.

Ихэнх нь ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох нь зөв л гэсэн хандлагатай байгаа. МАН-ын гишүүн А.Ганбаатарыг нэр төрд халдсан гэж үзэж байна. НИТХ-ын төлөөлөгчөөр би гурав дахь удаагаа сонгогдсон. Ёс зүйгүй байдлыг тэвчиж сууж чадахгүй. Ц.Сандуй огцрох ёстой. Сонгуулийн үеэр элдэв зохион байгуулалттай бичлэг олон гарсан. Гэхдээ би асуудлыг намынхаа бага болон их хурал дээр ярина.

МАН-ын гишүүдийг намынхаа эсрэг ажилласан гэж үзэх үндэслэл байхгүй. Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг нухацтай ярих нь зөв. МАН-ын их хурал энэ жил болох заалттай. Их хурлаар намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно" гэв.

Мөн тэрээр "Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ бичлэгийг эвлүүлэг байна гэсэн албан тоотыг манай намд ирүүлсэн байдаг. Эдгээрийг үндэслэн 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг юм гэсэн итгэл үнэмшилтэй явсан. Харамсалтай нь, саяхан болсон намын удирдах зөвлөлийн хурал дээр энэ бичлэгт холбогдсон Ц.Сандуй энэ бичлэг бодит болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас эвлүүлэг биш байсан юм байна гэдгийг мэдсэн. Би энэ асуудлаар эвлүүлэг биш гэж олон нийтэд хандаж хэд хэдэн удаа мэдэгдэл хийж байсандаа харамсаж байна. Би өнөөдрийг хүртэл буруу зүйлд итгэж явсан байна.

Тэр 60 тэрбумын бичлэгт намайг байсан мэтээр өчигдөр хэвлэлийн хурал хийсний дагуу өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирлээ. АТГ хурдтай ажиллаж байна. Сайн байна. Энэ хурдаараа ажиллаад, энэ хэргийг нэг талдаа гаргах ёстой, намын нэр хүндийг сэргээгээсэй гэж бодож байгаа” гэв. Улмаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та тэр хуралд байгаагүй юм уу?

-Миний хувьд 2014 онд болсон энэ 60 тэрбумын яриа хэлэлцээр дээр огт байгаагүй. Би 2014 онд бүтэн АНУ-д сурч байсан. Намайг таньж мэдэх бүх хүн мэднэ. Иймэрхүү яриа хэлэлцээр болсон бол тухайн үед би иймэрхүү хэмжээний яриа хэлэлцээрт орох албан тушаалтай байсан уу гэдэг асуудал яригдана.

-Таныг тухайн бичлэгт байсан гэж зураг үзүүлээд байсан шүү дээ?

-Тэр 2015 оны ес, аравдугаар сарын үеийн зураг байна лээ. Би эх орондоо 2015 оны зургадугаар сард эргэж ирсэн. 2015 оны есдүгээр сард санагдаж байна. Нийслэлийн намын хороон дээр дотооддоо тодорхой хэмжээний үл ойлголцолтой болсон байсан цаг үед Ц.Сандуй, А.Ганбаатар гэгч нөхдүүд намайг болон хэсэг нөхдүүдийг өөрийхөө ажил дээр урьж, хоол идэж намынхаа ажилд хамтарч зүтгэхээ илэрхийлж уулзаж байсан. Тэр үеийн зураг байсан. Иргэн А.Ганбаатарыг өөөрийн нэр төрд халдсан гэж үзэж шүүхэд хандаж байгаа.

-Ц.Сандуй намын их хурал дээр эвлүүлэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм бол яагаад Намын удирдах зөвлөлөөс энэ бичлэгийг шүүхээс эвлүүлэг гэж үзсэн учраас Ц.Сандуйг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм бэ?

-Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай, шаардлагагүй гэсэн шийдвэр гараагүй шүү дээ. Хариуцлага тооцож, асуудлыг шийдвэрлэх нь зөв юм гэсэн бухимдлаа Удирдах зөвлөлийн гишүүд илэрхийлсэн.

-Та намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд төвийг сахисан байр суурьтай байх байтал нэг талд орж, Ц.Сандуй нарыг буруутгаад эхэлж байгаагаа юу гэж тайлбарлах вэ?

-Би Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Одоо гурав дахь удаагаа сонгогдоод байна. МАН-д итгээд, нийслэлийг удирдаад авч яваач гэж надад итгэсэн олон зуун мянган сонгогчийн эрх ашгийн асуудал. Надад ийм худал хуурмаг зүйлийг хаагаад халхавчлаад сууж байх ёс зүй байхгүй. Тийм учраас би Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байгаа. Огцроод өөрөө иргэн Ц.Сандуйгийн хувиар шүүх цагдаа, хууль хяналтын байгууллагаараа яваад нэр төрөө сэргээлгэж, давхар МАН-ын олон мянган гишүүний нэр төрийг сэргээлгэх ёстой гэж үзэж байгаа учраас би огцруулах бичигт гарын үсэг зурсан. Намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын хувьд эв нэгдлийг хангаж, төвийг сахиж байх ёстой хүн гэдгээ би ухамсарлаж байгаа.

-Та ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан уу?

-МАН-ын 220 мянган гишүүн хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж энэ сонгуулийн ялалтын төлөө зүтгэсэн. Ажил дээрээ хонон өнжин, хоол нойроо мартан ажилласан. МАН-ын гишүүдийг, нэр бүхий нөхдүүдийг намын эсрэг ажилласан гэж ярих ёсзүй байх ёсгүй гэж бодож байна. Энэ намд итгэл үнэмшлээ өгч, анх элссэн цагаас хойш энэ намын эсрэг нэг ч буруу зүйл бодож яваагүй. Магадгүй зарим нэг хүмүүстэй үзэл бодол, эрх ашиг таардаггүй байхыг үгүйсгэхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ